Одод, уулсын эмэгтэй
1983 оны зургадугаар сарын 8. Цагдаа нар сүм дээр ирж хир даг болсон хувцастай, өрөвдөлтэй, юу болж байгааг ч ойлгоогүй эмэгтэйг авч явлаа. Эмэгтэй хэдэн үг хэлсэн ч тэрийг нь ойлгох нэг ч хүн байсангүй. Англи хэлээр, дараа нь испани хэлээр ярилцах гэсэн ч нэмэр болсонгүй. Тэрээр өөрийгөө ойлгуулж, хэн ч түүнийг ойлгож чадаагүй тул дараагийн 12 жилийг хорионд өнгөрөөжээ.
Рита Патиньо Кинтеро Мексикийн хойд Чиуауа нутгийн уугуул, рарамури хэмээх индиан эмэгтэй. Тэрээр Мексикээс алхсаар АНУ-д ирж Канзас мужийн Мантер хотын сүмийн хонгилд бүгэж байхад цагдаа нар иржээ. Дашрамд сонирхуулахад рарамури гэдэг нь “Хөнгөн хөлтөн” (рара-хөл, мури-хөнгөн) гэсэн үг аж. Энэ омгийнхон хөнгөн, сайн хөлтэй байхаас өөр аргагүй. Мексикийн Чиуауа мужийн Тараумарагийн уул нуруу, гол мөрөнд хурдан, хөнгөн хөлтэй хүн л тэсэж үлддэг аж.
Мексикийн индиан эмэгтэйг цагдаагийн хэсэг дээр авчирч байцаалт авах гэсэн ч болсонгүй. Түүний рарамури хэлийг ойлгох хүн олдсонгүй. Эмэгтэйг шүүх дээр авчирч өөртөө ч аюул учруулахуйц сэтгэцээ хянах чадваргүй хэмээн үзэж сэтгэл мэдрэлийн эмнэлэгт авчирч хорьжээ. Өөрийнх нь эсрэг ямар хууль дүрэм яриад аваачаад хорьчихсоныг Рита мэдэлгүй өнгөрөв.
Ийнхүү ганцаардалт, гадуурхалт, системийн хүнд суртал, эмнэлгийн хүчирхийллийн амьдрал эхэлж 12 үргэлжилсэн юм.
2024 оны дөрөвдүгээр сард найруулагч Сантьяго Эстиноу “Одод, уулсын эмэгтэй” баримтат киноны нээлтээ хийж индиан эмэгтэй Рита Патиньо Кинтерогийн амьдрал, замналыг харуулсан юм.
Рита Патиньо 1930 онд мэндэлсэн. Хоньчин, ургамал судлаач, гар урлалч, угаагч. Төрөлх Piedras Verdes (Ногоон Чулуут) тосгондоо амьдарч байгаад хөрш мужийн Урике тосгонд очжээ. Тэрээр хүчирхэг зан араншинтай, хүн ингэ тэг гэвэл дагадаггүй, бүр эсрэгээр нь хийдэг зөрүүд хүн байж. Нэг залуутай гэрлэж, нэг хүүтэй болжээ. Тэр үед Рита сүрэг хоньтой, тэр хавьдаа баян эмэгтэй байв. Гэвч хөршүүд нь түүнийг элдэв хэрэгт буруутгаж, хонь малаас нь хулгайлж, хэрүүл маргаан даамжирсаар Рита тосгоны хамгийн “зэвүүн хүн” болон хувирчээ. Нөхөр нь учир битүүлэг нас барахад түүнийг нөхрөө хөнөөсөн гэдэг цуу дэгджээ. Рита тус нутагт дэлгэрсэн жатгачидын цуглаанд очиж тесгиньо хэмээх эрдэнэ шишээр нэрсэн архи уугаад хэл яриа нь асуудалтай болчихсон аж.
Ийнхүү тосгондоо “хүн биш” болж гадуурхагдсан Рита хүүгээ дагуулан тэнүүчлэх болов. Бүгд түүнийг хажиглаж, харсан айлууд хаалгаа бушуухан хаадаг болов. “Тэр сайн хүн, их сайн хүн байсан. Хүмүүс түүнтэй муухай харьцчихсан” хэмээн Урикед хөрш амьдарч байсан Прокопио Мансинас өгүүлж байна.
Тэрээр яагаад, хэрхэн, яаж Америкт ирсэн нь тодорхойгүй ч тэрхүү гадуурхалт, үзэн ядалтаас залхаж ийм зам сонгосон нь ойлгомжтой.
1994 онд Канзасын Disability Rights Center байгууллага сэтгэцийн эмнэлэгт таваас дээш жил хоригдож байгаа өвчтөнүүдийн хэргийг дахин хянах шийдвэр гаргаснаар Ритад өмгөөлөгч Ториа Мрозыг томилжээ.
Ториа тэргүүтэй өмгөөлөгчдийн баг хэрэг явдлыг судлаад Рита Патиньод учруулсан хохирол хэмээн 10 сая доллар нэхэмжлэв. Рита 1995 онд суллагдаж Мексиктээ буцаж очжээ.
Хэргийг шүүн хэлэлцэх явц 2001 он хүртэл үргэлжилж анх нэхэмжилснээс хамаагүй бага буюу ердөө 90.000 долларын нөхөн төлбөр өгөх шийдвэр гарчээ. Энэ мөнгөнөөс өмгөөлөгчийн 32.600 долларын хөлсийг хасаад үлдсэн мөнгө нь индиан эмэгтэйд ирсэн аж.
Рита Патиньо Кинтеро Мексиктээ амьдарч байгаад 2018 онд өөд болж, тосгонд нь хагацлын баяр хийжээ. Үхлийг баярлан тэмдэглэх нь дараа төрлөө саадгүй олж, эх нутагтаа эргэн төрөхийн эхлэл хэмээн рарамури индианууд үздэг аж.
Орчуулсан Б.Нямдорж