Холбоо барих

Д.Амарбаясгалан: Хуулийн хүрээнд нэр төртэй, шударга өрсөлдөхийг хүсье

Д.Амарбаясгалан: Хуулийн хүрээнд нэр төртэй, шударга өрсөлдөхийг хүсье

МАН-аас нийслэлийн зургаан тойрогт нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн сурталчилгаа албан ёсоор өнөөдөр эхэлж байна.  Монгол Ардын Намаас нийслэлийн зургаан тойрогт нэр дэвшиж буй гишүүддээ нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардууллаа.  Энэхүү арга хэмжээнд Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Х.Нямбаатар нар оролцож, үнэмлэх гардуулж амжилт хүссэн юм.

Нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах арга хэмжээг нээж Монгол Ардын Намын Ерөнхий бичгийн дарга Д.Амарбаясгалан үг хэлэхдээ сонгуулийн уриа, мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдийн талаар онцлон тодотгосон юм. 

Монгол Ардын Намын даргын тэргүүлсэн Засгийн газар 30 жилийн түүхэнд анх удаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барьж батлуулахдаа сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулж, 126 гишүүнтэй байх зохицуулалт оруулж, төрийн тогтолцооны шинэчлэлийг бий болгож буйгаараа онцлогтой. Мөн энэхүү хуулийн өөрчлөлтөөр төрийн тогтолцооны өөрчлөлт, төрийн эрх мэдлийг сааруулах, ард түмний төлөөлөх чадварыг сайжруулах, ард түмэн парламентад төлөөллөө бүрэн оруулж чаддаг байх нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг Монгол Ардын Намын Ерөнхий бичгийн дарга Д.Амарбаясгалан онцоллоо. 

 

Тэрбээр “Энэ утгаараа Монгол Ардын Нам 2024 оны сонгуулийн жагсаалтад багтаасан нэр дэвшигчдээ сонгуульд өмнө нь өрсөлдөж байгаагүй,  эрдэмтэн судлаачид, инженер, хуульч, бизнес эрхлэгч, үйлдвэрчний эвлэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд салбар бүрийн төлөөллийг багтаасан. Ингэхдээ жендэрийн тэгш байдлыг хангаж чадсанаараа онцлогтой” хэмээгээд  тойрогт нэр дэвшиж буй 78 нэр дэвшигчийг ямар шаардлага, шалгуурт үндэслэн тодруулсан талаар дурдлаа. 

 


Монгол Ардын Нам олон нийтийн дунд явуулсан социологийн судалгаа, намын анхан шатны байгууллагын гишүүдийн гаргасан санал, өнгөрсөн хугацаанд улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, ард түмний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн, тухайн тойргийг бүрэн төлөөлөх чадвар, туршлагатай хүмүүсийг тойрогт нэр дэвшүүлсэн гэдгийг тодотгон хэллээ. 

Монгол Ардын Нам 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө 2020 оны сонгуульд оролцохдоо амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн гүйцэтгэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн цаашид эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, олон улсын түвшинд баталгаажуулах, ард түмэнд ирж буй эдийн засаг болон нийгмийн өсөлттэй байдлыг батлан хангах том зорилгыг агуулж энэ удаагийн сонгуульд “Ард түмний ялалт” гэсэн уриатай оролцож буйг хэлээд нэр дэвшигчдэдээ хандаж, хуулийн хүрээнд нэр төртэй, бусад нэр дэвшигчийг хүндэтгэж, олон нийтийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж шударга, цэвэрхэн өрсөлдөхийг хүсэж, амжилт хүслээ.