С.Байгал: Япон улс Монголын их дээд сургуулийн дипломыг хүлээн зөвшөөрдөг учраас манай залууст олон боломж бий

Энэ удаагийн дугаарт Япон улсад ажиллаж, амьдардаг С.Байгалийг урьж ярилцлаа. Тэрээр өөрийн сошиал хуудсаараа залууст зориулан Японд боловсрол эзэмших, хэрхэн ажлын байртай болох зэрэг тухайн улстай холбоотой хэрэгцээт мэдээллүүдийг түгээдэг юм.
Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Япон улсад хэр удаан ажиллаж, амьдарч байна?
-Намайг Сүхбатын Байгал гэдэг. Японд сурч ажиллаж, амьдраад 10 гаруй жил болж байна. Би МУИС-ийн Нийгэм-Соёлын антропологийн тэнхимийн бакалавр, Японд Шига мужийн их сургуулийн Бүс нутгийн соёл судлалын тэнхимд магистр зэргээр суралцаж төгссөн. Одоогоор Токио хотод Жото Япон Хэлний Сургуульд ажиллаж байна. Манай хүү бага сургуулийн 6-р ангид суралцдаг. Хүүтэйгээ 2-уулаа амьдардаг. Японд сурах болон аялах талаар, мөн виз мэдүүлэг, Токио дахь амьдралтай холбоотой baigalss хаягтай инста хөтөлж эхэлсэн байгаа.
Жото Япон хэлний сургуулийнхаа талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
-Манай сургууль бол япон хэлний сургалт явуулдаг боловсролын байгууллага. Их дээд сургууль, коллеж, магистрт дэвшин суралцах мөн японд үндсэн ажилтан болох зорилготой олон улсын оюутнууд ирж суралцдаг.
Одоогийн байдлаар хэдэн монгол оюутан танайхаар зуучлуулан суралцаж байна вэ?
-Энэ жилийг буюу 2025 оны 3 дугаар сард манай сургуулийг нийт 288 гадаад оюутан төгссөнөөс 33 нь Монгол оюутан байсан. Тэдний маань 13 оюутан их дээд сургууль, коллежид, 11 оюутан үндсэн ажилтан, 8 оюутан эх орон руугаа, 1 оюутан ажил хайх виз рүү шилжсэн байна. Яг одоогоор 22 монгол оюутан суралцаж байна. Манайх жилд 4 удаа буюу 1, 4, 7, 10 дугаар сард элсэлт авдаг. Одоо 7 дугаар сард виз мэдүүлсэн оюутнууд маань хариугаа хүлээж байна. Мөн 2025 оны 10 дугаар сарын элсэлтээ авч эхэлсэн. 10 дугаар сард үндсэн ажилтан бэлтгэх курс болон дэвшин сурах курстээ элсэлт авч байна. Үндсэн ажилтан бэлтгэх курс гэдэг нь манайд ирж япон хэл сурахын хажуугаар японд үндсэн ажилтан болоход шаардлагатай бизнесийн япон хэлний мэдлэг эзэмшинэ гэсэн үг. Үндсэн ажилтан бэлтгэх япон хэлний курст элсэхийн тулд заавал бакалавр зэрэгтэй байх шаардлагатай. Япон улс Монголын их дээд сургуулиудын дипломыг хүлээн зөвшөөрдөг учраас хэлээ л сурчихвал үндсэн ажилтан болж, япон хүнтэй адилхан цалин авч, ижил орчин нөхцөлөөр ажиллах боломжтой байдаг. Мөн манайх ажилд зуучилж өгдөг. Дэвшин суралцах гэдэг нь манай хэлний сургуулийг төгсөөд үргэлжлүүлээд бакалавр, магистрт орох зорилготой оюутнуудад зориулагдсан курс байгаа.
Ер нь Япон улсад суралцахад нийтлэг ямар шаардлагууд тавигддаг вэ?
-Бүрэн дунд боловсрол эзэмшсэн, хамгийн багадаа 150 цаг япон хэлний хичээл хийсэн байх эсвэл ямар нэгэн япон хэлний шалгалтад тэнцсэн оноотой, санхүүгийн батлан даагчтай байх ёстой. Насны тухайд яг таг тэд гэж заахгүй 18-43 насны монгол оюутнууд байдаг. Манайх элсэх гэж багаа оюутантайгаа ярилцлага хийсний үндсэн дээр сонгон шалгаруулж авдаг.
Тэгвэл Японд сурч байгаа оюутнууд ямар мэргэжлээр суралцаж төгсвөл ажлын байртай болох боломжтой вэ. Хамгийн эрэлттэй мэргэжлүүд гэвэл?
-Японы үйлдвэрлэл, технологийн салбар нь дэлхийд тэргүүлдэг учраас инженерүүд эрэлт ихтэй байдаг. Тэр дундаа механик, цахилгаан, электроник, барилгын инженер. Мөн дижитал шилжилт хурдсаж байгаатай холбоотойгоор хиймэл оюун ухаан (AI), өгөгдөл шинжилгээ, кибер аюулгүй байдал гэх мэт ажлын байр эрэлттэй болж ирж байна. Нөгөө талаар программ хангамжаар төгссөн хүүхдүүд ажил олоход хэцүү болсон байна. Мөн тэр талын ажлын зарууд ч харагдахаа больсон. Гэхдээ ажилд ороход дан ганц мэргэжлийн ур чадвараас гадна гадаад хэл, харилцааны чадвар гээд олон зүйл нөлөөлдөг нь ойлгомжтой. Гадаад харилцаатай компаниуд олон улсын орчинд ажиллах чадвартай, олон хэлтэй ажилчид авахыг эрэлхийлдэг учраас мэдээж эдийн засаг, олон улсын бизнес, санхүүгийн удирдлага бас эрэлттэй байдаг. Гадаад жуулчдын тоо нэмэгдэж буй тул гадаад хэлтэй, соёл хоорондын харилцааны чадвартай мэргэжилтнүүд аялал жуулчлал, зочид буудлын салбарт эрэлттэй байна. Мөн японы соёлын үйлдвэрлэл болон бүтээлч салбар дэлхий даяар өндөр үнэлэгддэг учраас график дизайн, архитектур, тоглоомын дизайн мэргэжлээр сурвал ажлын байрны олдоц ихтэй. Энэ мэргэжлийн ур чадварыг эзэмшвэл карьер өсөлттэй байдаг. Жишээ нь, манай сургуулийг 3 дугаар сард төгсөөд ажилд орсон 11 оюутан маань цахилгааны инженер, олон улсын тээвэр логистик, зочид буудал, нисэх онгоцны буудлын зорчигч бүртгэлийн ажилтан, аниматор буюу анимэ зураач, дулааны инженер, олон улсын нийгэмлэгт гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллаж байгаа.
Гадаадад суралцах гэж байгаа залуусын хувьд санхүү, төлбөрийн асуудал чухалд тооцогдоно. Тэгэхээр Японы их сургуулиудын төлбөрийн талаар хамгийн их сонирхож байгаа байх?
-Япон Хэлний сургуулийн 1.3-2 жилийн төлбөр ойролцоогоор 22-34 сая байна. Сэнмон буюу коллежийн 2 жилийн төлбөр улсынх 17-35 сая, хувийнх нь 35-66 сая орчим байдаг. Их сургуулийн 4 жилийн төлбөрийн хувьд улсын их дээд сургуулиуд нь харьцангуй хямд буюу 44-55 сая. Хувийн их дээд сургуулиуд мэргэжлээсээ шалтгаалаад өөр өөр үнэтэй болж ирдэг. Жишээ нь хувийн сургуулийн:
-Хүмүүнлэгийн ухааны салбар (Humanities): 80-115 сая
-Шинжлэх ухааны салбар (Science): 95-140 сая
-Анагаахын салбар (Шүд): 330-660 сая орчим байдаг.
Тэгвэл тэтгэлгээр суралцахаар төлөвлөж байгаа бол ямар ур чадварууд эзэмшиж, юунд анхаарах хэрэгтэй бол?
-Хүүхдээ Японд тэтгэлгээр суралцуулахаар төлөвлөж байгаа бол дараах чадваруудыг нь хөгжүүлэхийг зөвлөж байна.
1. Япон хэлний чадвар
2. Англи хэлний чадвар
3. Сурлагын амжилт/дүнгийн голч - Тэтгэлэгт хамрагдахад дүнгийн голч өндөр байх шаардлагатай тул хичээлдээ сайн байж давхар математик, байгалийн ухаан зэрэг хичээлдээ анхаарах хэрэгтэй.
4. Нийгмийн ур чадвар буюу Soft Skills. Тэр дотроо харилцааны чадвар буюу бусад хүүхэдтэй найзлах, багш нартайгаа харилцах чадвар. Өөрийгөө илэрхийлэх чадвар буюу ярилцлагын үеэр өөртөө итгэлтэй, тодорхой хариулах дадал суулгах.
5. Хобби/сонирхол, авьяас - Хүүхэд өөрийн сонирхол, авьяасаа хөгжүүлснээр (спорт, урлаг, хөгжим гэх мэт) хувь хүний онцлогийг тэтгэлгийн өргөдөлд онцлон дурдах боломжтой болох юм.
Ер нь тэтгэлэгт хөтөлбөр хэр их зарлагддаг вэ?
-Япон хэлний сургуульд бол тэтгэлэг бараг байдаггүй. Гэхдээ JASSO (Japan Student Services Organization)-аас хэлний сургуульд сурч байгаа оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилготой 1 сарын 30,000 иен буюу 700 мянга орчим төгрөгийн дэмжлэг бий. Жил бүр 3 оюутанд өгдөг ба сургуулийн дотоод шалгалтаар сонгодог. Жил бүр монгол оюутан ч авдаг. Их дээд сургуульдаа орсны дараа тухайн сургууль нь гадаад оюутнуудад зориулсан янз бүрийн тэтгэлгүүд зарлагддаг. Тиймээс сургуулийнхаа зарын самбарыг сайн харж байх хэрэгтэй. Мөн элсэн орох шалгалтаа сайн өгвөл төлбөр хөнгөлөх гэх мэт дэмжлэг байдаг. Жишээ нь, 2025 оны 3 дугаар сард төгссөн манай оюутан төлбөрөө 50 хувь хөнгөлүүлж, дотуур байр үнэгүй гэсэн нөхцөлтэй их сургуульд элссэн. Тэтгэлэг олно гэдэг амар биш хичээсэн хүн авдаг зүйл юм.
Япон бол дэлхийн өртөг өндөртэй хотуудын нэг. Амьжиргааны зардлын хувьд ямар байдаг бол. Мөн гадаад оюутнууд хэдэн цаг ажиллах эрхтэй байдаг вэ?
-Гадаад оюутнууд 7 хоногт 28 цаг ажил хийх эрхтэй байдаг. Зун эсвэл урт амралтуудаараа бол 40 цаг ажиллаж болно. Токиод 1 цагийн цалингийн доод хэмжээ одоогоор 1163 иен буюу 27,000 төгрөг орчим байна. Тэгэхээр сард 130,000 буюу 3 сая төгрөгийн цалин авах боломжтой гэсэн үг. Япон тэр дундаа Токио бол амьжиргааны зардал өндөр байдаг.
Дотуур байранд амьдардаг 1 хүүхдийн жишээгээр хэлбэл:
Дотуур байрны төлбөр 40,000 иен - 940,000 төгрөг
Эрүүл мэндийн даатгал 2000 иен – 47,000 төгрөг
Утасны төлбөр 3000 иен – 70,500 төгрөг
Хоол хүнс, ахуйн хэрэглээ 50,000 иен – 1,175,000 төгрөг гэх мэт болно.
Японы хамгийн нэр хүндтэй топ 5 сургуулийг нэрлэвэл?
-Японы нэр хүндтэй сургууль гэхээсээ илүү гадаад оюутнуудын дунд нэр хүндтэй олон гадаад оюутантай сургуулийг нэрлэвэл
Waseda University - 2023 оны байдлаар 5,560 гадаад оюутантай.
The University of Tokyo - 2023 онд 4,658 гадаад оюутантай.
Keio University - 2021 оны байдлаар нийт 1,908 гадаад оюутантай байна.
Их сургуулиас гадна сэнмон буюу коллежууд маш их нэр хүндтэй байдаг. Оюутнууд маш ихээр элсэн суралцдаг. Монголд коллеж төгссөн гэхээр нээх үнэлдэггүй юм шиг санагддаг боловч японд өөрөөр хүлээн авдаг. Их сургууль болон коллежийн ерөнхий ялгаа нь, их сургууль 4 жил, коллеж 2 жил байдаг. Ерөнхийдөө 2 жилд багтааж шахуу хөтөлбөрөөр хичээлээ үздэг гэж ойлгож болно. Японы сэнмон буюу коллежууд нь гадаад оюутнуудад чиглэсэн олон төрлийн хөтөлбөрийг санал болгодог. Гадаад оюутнуудын дунд нэр хүндтэй байдаг сэнмон коллежуудыг дурдвал,
Tokyo Information Technology College - Мэдээллийн технологи, программчлал, цахим бизнес чиглэлээр
Tokyo Nursing College - Сувилахуйн чиглэлээр
Japan Business School - Бизнес менежмент, маркетинг, санхүү, худалдаа
Kiyoshi Food Production College - Хоол хүнс үйлдвэрлэл, тогоочийн ур чадвар
Osaka Beauty College - Гоо сайхан, үс засалт, нүүр будалт, салоны менежмент чиглэлээр мэргэшүүлдэг.
Эцэст нь Япон улсад суралцах сонирхолтой, суралцахаар бэлтгэж байгаа залуучуудад хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хувийн зардлаар гадаадад суралцах гэдэг нь урт хугацааны төлөвлөгөө, тогтвортой санхүүжилт шаардсан шийдвэр байдаг. Япон руу хүүхдээ сургахаар зорьж буй эцэг эхчүүд, санхүүгийн батлан даагч нарын дунд нийтлэг нэг том эндүүрэл гэх үү сайн ойлгоогүй зүйл байдаг нь "эхний жилийн сургалтын төлбөрөө төлчихвөл болоо" гэсэн хандлага байдаг. Эцэг эхчүүд маань үр хүүхдээ гадаадад суралцуулахаар төлөвлөж байгаа бол урт хугацааны төлөвлөгөө боловсруулж, дараагийн жилүүдийн төлбөрийг хэрхэн бүрдүүлэхээ сайтар тооцоолох хэрэгтэй. Өнөө маргаашаа аргацаах, виз гарчихвал л болоо гэсэн байдлаар шийдвэр гаргаж хүүхдээ гадаад явуулах нь хүүхдийн тань ирээдүйд сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг анхаарах хэрэгтэй. Суралцах замнал зөв төлөвлөгөөтэй байх үед л амжилтад хүрдэг. Тиймээс суралцахаар бэлтгэж байгаа хүүхдүүддээ хандаж хэлэхэд зорилгоо сайн тодорхойлж, мөн японд ирэхээсээ өмнө япон хэлээ маш сайн сурч байгаад ирээсэй л гэж боддог. Жишээ нь, Мьянмар, Шри Ланк эсвэл бусад улсын хүүхдүүд японд ирэхээсээ өмнө япон хэлний түвшин тогтоох шалгалт өгөөд N5-N3 авчихсан байдаг. Тэр бүү хэл Хятад, Taйландаас N1-N2 тэнцчихсэн оюутнууд маш их ирдэг. Монголоос бас ирдэг ч харьцангуй цөөн. Тиймээс монголдоо хэлээ сайн сураад ирвэл цаг, мөнгө маш их зүйл хэмнэж чадна гэж хэлье.