Хангайн бүсэд 300 орчим хоршоо шинээр байгуулагджээ
“Шинэ хоршоо” хөдөлгөөний хангайн бүсийн уулзалт, хэлэлцүүлэг Архангай аймагт эхэллээ. Баруун бүсийн зөвлөгөөн өчигдөр Завхан аймагт болсон бол өнөөдөр ийнхүү хангайн бүсийн хоршоологч, малчид чуулж байна. Хангайн бүсийн зөвлөгөөнийг Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нээж үг хэлсэн бол Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Шинэ хоршоо” хөдөлгөөний явцын талаарх танилцуулга, мэдээллийг өглөө. Архангай аймгийн хувьд малын хорогдлоор улсын хэмжээнд гуравдугаарт орсон буюу хүнд, хахир өвлийг давсан, 800 гаруй мянган мал хорогдсон таагүй дүн мэдээтэйгээр хавартай золгосон байна.
Хангайн бүсийн олон малчин хэцүү өвлийг давж, амьжиргааны эх үүсвэргүй болсон учраас хот руу нүүх эрсдэл үүсэж байгааг аймгийн удирдлагууддаа уламжлах болсон байна. Яг ийм цаг үед Монгол Улсын Засгийн газраас Хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд малчдын амьжиргааг дэмжсэн хуулийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан улс төрийн манлайлал үзүүлэн санаачлан эхлүүлж, маш хурдан хугацаанд ажил хэрэг болгосон нь хөдөөгийнхөнд итгэл найдвар төрүүлсэн, бодит ажил болсныг Архангай аймгийн Засаг дарга онцоллоо. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2500 гаруй хоршоо шинээр байгуулагдаад байгаа бол Архангай аймагт 296 хоршоо шинээр бий болжээ. Түүнчлэн “Шинэ хоршоо” хөдөлгөөнд хангайн бүсийнхэн маш идэвхтэй хамрагдаж, хоршин нэгдэж байгаа бөгөөд өнөөдрийн зөвлөгөөний үеэр ийм санаачилгыг эхлүүлсэн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан даргад талархал илэрхийлж байлаа.