Холбоо барих

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд цөмийн эрчим хүчийг ашиглах ёстой 5 шалтгаан ба Монгол дахь “Бадрах Энержи”-ийн оролцоо

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд цөмийн эрчим хүчийг ашиглах ёстой 5 шалтгаан ба Монгол дахь “Бадрах Энержи”-ийн оролцоо

Уур амьсгалын өөрчлөлт маш бодитой бөгөөд эрчимтэй явагдаж байгааг сүүлийн хоёр жил хүн төрөлхтөнд хүчтэй харуулж байгаа билээ. Монгол Улсын хувьд Улаанбаатар хотод нь гэхэд 2023 онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тундас орж, нийслэлчүүд үерийн гамшгийг хүний амины төлөөстэйгөөр туулсан. Дэлхий нийтийг харвал хамгийн сүүлд л гэхэд Арабын Нэгдсэн Эмират Улс(АНЭУ)-д 75 жил үзэгдээгүй их бороо орсон бол ОХУ-ын өмнөд хязгаар болон Казахстаны хойд бүс нутгаар шар усны үер, Хятадын өмнөд эргийн Гуандун мужийн үер гээд байгалийн гамшигт үзэгдэл олон оронд томоохон сорилт болж байгааг бид харлаа. Хамгийн ноцтой нь ийм аюулт үзэгдэл цаашид улам их гарч, давтамж нь нэмэгдэх болно гэдгийг дэлхийн цаг уурын байгууллагууд сануулсаар байгаа юм. Энэ аюулыг сааруулахын тулд хүн төрөлхтний хийж чадах ганц зүйл нь уур амьсгалын өөрчлөлтийн эрчмийг сааруулах буюу хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах. Гэхдээ улс орон бүр нэгдэж, нийлж, хамтдаа хийх учиртай. Яагаад гэвэл энэ хүчин чармайлтаас сугарч үлдлээ гээд гамшгаас зугтаж чадахгүй юм.

Тийм ч учраас дэлхийн улс орнууд дор бүрдээ чадах бүхнээ их, бага хэмжээгээр хийж байгаа билээ. Ялангуяа, хүлэмжийн хийн хамгийн том үйлдвэрлэгч эрчим хүчний салбарт маш том шилжилт өрнөж байна.

Тэгвэл уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд цөмийн эрчим хүчийг ашиглах таван шалтгааныг өнгөрөгч нэгдүгээр сард Швейцарын Давос хотноо болсон Дэлхийн Эдийн Засгийн Форум (WEF) https://www.weforum.org/agenda/2024/01/nuclear-energy-transistion-climate-change/ нэрлэжээ.

Энэ талаар тайлбарлахаас өмнө цөмийн эрчим хүчийг үйлдвэрлэх явцад хүлэмжийн хий буюу CO2-ыг нарны хавтан болон салхин сэнстэй харьцуулахад маш бага ялгаруулдагийг тодотгох хэрэгтэй. Тийм ч учраас энэ үйлдвэрлэлийг ногоон эрчим хүчинд тооцож, хөрөнгө оруулалтыг ийш хаяж байгаа юм.

Эсрэгээрээ шатмал түлшний хэрэглээ, хөрөнгө оруулалтаас бүрэн татгалзаж байж 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлуултыг "0" гэсэн түвшинд аваачих бодитой оролдлого болно гэдгийг өнгөрсөн оны сүүлээр Эмиратад болж өндөрлөсөн COP28-ын уулзалтаар тус хурлын  ерөнхийлөгч хатуу байр сууриа илэрхийлээд буцжээ.

Сүүлийн таван жилийн хугацаанд АНЭУ сэргээгдэх эрчим хүч болон цөмийн эрчим хүчний салбарт оруулсан хөрөнгөөрөө толгой цохиж, нэг хүнд ногдох цэвэр эрчим хүчний нөөцөөрөө бусад улсын тэргүүнд гишгэх болов.

Тодруулбал, Barakah атомын цахилгаан станц нь 2021 онд ашиглалтад орсон бөгөөд Эмират улсын эрчим хүчний сүлжээний дөрөвний нэгийг нүүрстөрөгчгүйжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Их Британи улс л гэхэд мөн цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээ 2050 он дөрөв дахин нэмэгдүүлэх бөгөөд өндөр технологийн шинэ реактруудад шаардлагатай түүхий эдийн үйлдвэрлэлд Засгийн газраас нь 300 сая паундын хөрөнгө оруулах талаар энэ оны эхээр мэдэгдсэн. https://www.gov.uk/government/news/biggest-expansion-of-nuclear-power-for-70-years-to-create-jobs-reduce-bills-and-strengthen-britains-energy-security 

Дээр дурдсанчлан цөмийн энерги нь дэлхийн нүүрстөрөгчийн ялгарал тэг рүү шилжихэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Цөмийн эрчим хүчний салбартай холбоотой хүн төрөлхтний айдас баримтад суурилсан бодитой мэдээлэл, ойлголтоор аажмаар солигдож буй. Үүний нэг илрэл нь 2024 оны COP28 хурлаас гарсан албан ёсны баримт бичиг дэх утаа бага ялгаруулдаг технологийн дунд цөмийн эрчим хүчний хөрөнгө оруулалтыг дэмжсэн явдал юм.

Цөмийн гол шинж чанаруудын нэг нь эрчим хүчний нягтрал. Энгийнээр зүйрлэвэл хуруувчны чинээ ураны үрэл нь бараг гурван баррель газрын тос, 350 гаруй шоо метр байгалийн хий, хагас тонн нүүрсний үйлдвэрлэх хэмжээний эрчим хүчийг гаргаж чаддаг болохыг WEF онцолжээ.

 

Цөмийн эрчим хүчнээс татгалзах аргагүй таван шалтгаан

WEF-ийн тодотгосон, цөмийн эрчим хүч нь таван өөр давуу талыг танилцуулж байна. https://pris.iaea.org/pris/home.aspx 

Байгальд CO2-ын ул мөр хамгийн багатай

Газрын гүнээс түүхий эдийг нь олборлохоос эхлээд бүрэн ашиглагдаж дуустлаа цөмийн эрчим хүч нь байгальд нүүрстөрөгчийн хамгийн бага ул мөртэй эх үүсвэр юм. Цахилгааны бусад эх үүсвэрээс илүү бага материал, газар шаарддаг. Тухайлбал, нарнаас нэг нэгж эрчим хүч үйлдвэрлэхийн тулд цөмийнхтэй харьцуулахад 17 дахин их материал, 46 дахин их газар хэрэгтэй болно.

https://advisoranalyst.com/wp-content/uploads/2023/05/bofa-the-ric-report-the-nuclear-necessity-20230509.pdf 

Арвин нөөц

Цөмийн эрчим хүчний түүхий эд уран нь алт, цагаан алт болон бусад ховор металлуудыг бодоход дэлхийн царцдас, далайд элбэг байдаг байна. Эдийн засгийн хувьд ашигтай гэж үзэж байгаа өнөөгийн ураны нөөцийг шавхахад 100-150 жил шаардлагатай. 

https://www.iaea.org/newscenter/pressreleases/worlds-uranium-resources-enough-for-the-foreseeable-future-say-nea-and-iaea-in-new-report 

Уян хатан бөгөөд найдвартай эх үүсвэр

Цөмийн эрчим хүч нь цаг агаарын нөхцөл байдлаас хамаардаггүй. Сайн ажиллагаатай цөмийн цахилгаан станцууд, тэр дундаа АНУ дахь станцууд нүүрстөрөгчийн давхар исэл багатай эх үүсвэрээс дор хаяж 2-3 дахин илүү найдвартай, удаан хугацаанд ажилладаг. Атомын цахилгаан станцууд нь шаардлагатай үед илүү их, шаардлагагүй үед бага эрчим хүч нийлүүлдгээрээ салхи, нарны эрчим хүчийг бодоход уян хатнаас гадна суурь ачааллын хувьд нүүрсийг орлож, сэргээгдэх эрчим хүчийг бий болгож байгаагаараа маш том давуу талтай.

https://www.energy.gov/ne/articles/nuclear-power-most-reliable-energy-source-and-its-not-even-close 

Аюулгүй

Атомын цахилгаан станцууд жил бүр дэлхийн нүүрстөрөгч багатай цахилгаан эрчим хүчний дөрөвний нэгийг үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь олон хүний ​​амь нас эрсдэхээс авардаг. Цөмийн эрчим хүч нь нарны эрчим хүч шиг аюулгүй. Нүүрс, хий, газрын тос гээд эрчим хүчний бусад эх үүсвэрээс бол хамаагүй аюулгүй юм.

https://ourworldindata.org/safest-sources-of-energy#:~:text=Wind%3A%20In%20an%20average%20year,50%20years%20would%20someone%20die.

Үр ашиг өндөр

Ашигласан түлш нь цацраг идэвх өндөртэй, дулаан ялгаруулдаг нь үнэн хэдий ч харьцангуй авсаархан бөгөөд үүнийг маш болгоомжтой удирдаж, зохицуулдаг. Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл нь маш үр ашигтай ба өнөөг хүртэл үйлдвэрлэсэн бүх түлшний хэмжээг харьцуулж тайлбарлавал Олимпын стандартын 42 усан санд багтах хэмжээ гэж онолын хувьд хэлж болно. Энэхүү хаягдлыг маш аюулгүйгээр хадгалдаг бөгөөд дахин боловсруулдаг. Финланд, Швед зэрэг улс ашигласан түлшээ устгах геологийн гүн агуулах байгуулахад ойрхон байгаа бол Франц улс ашигласан түлшний дахин боловсруулалтаас үүссэн өндөр хэмжээний хог хаягдлыг хадгалах геологийн гүн агуулах байгуулах ажлыг ахиулж байна. Тус улсын хэрэглэж байгаа цахилгааны 10 орчим хувийг дахин боловсруулсан цөмийн түлшээр үйлдвэрлэдэг. Ашигласан цөмийн түлшийг дахин боловсруулснаар хэмжээг нь мөн бууруулж байгаа юм.

Ийнхүү эерэг шалтгаануудыг харвал цөмийн эрчим хүч нь хамгийн аюулгүй, хамгийн цэвэр, байгаль орчинд хамгийн бага ачаалалтай, эцэст нь АЦС-ын ашиглалтын хугацаанд ашиглах боломжтой хамгийн хямд эрчим хүчний эх үүсвэрүүдийн нэгд тооцогдож байна.

Энэ нь Монгол Улсаас мэдээж хол сэдэв юм. Гэвч Монгол бол бусад улс орны өмнө уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах хүрээнд хүчин чармайлт гаргах томоохон үүрэг хүлээчихсэн улс. Тэр тусмаа эрчим хүчний 80 гаруй хувиа шатмал түлш буюу дан нүүрснээс гаргаж авч байгаа манай улсын хувьд эрчим хүчний шилжилтэд ямар нэгэн байдлаар оролцоотой байх нь чухал билээ.

Энэ оролцоог "Бадрах Энержи" компани бага ч болов хангах боломжийг бүрдүүлэхээр байгаа нь манай улсын хувьд сайн мэдээ юм. Уг компани өөрөө Монгол Улсад уул уурхайн шинэ салбарыг хөгжүүлэх зорилготой. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Зөөвч-Овоо ордоос цөмийн эрчим хүчний гол түүхий эд болох ураныг байгаль орчинд хамгийн бага ул мөртэйгөөр олборлохоор хөрөнгө оруулалтын гэрээгээ хэлэлцэж буй тус компани үндсэн олборлолтоо эхлүүлбэл Монгол Улс цөмийн эрчим хүчний салбарын оролцогч зүй ёсоор болно. Ингэснээр хэдийгээр цөмийн эрчим хүчийг бид шууд ашиглахгүй ч нүүрстөрөгч огт ялгаруулдаггүй эрчим хүчний эх үүсвэрийг түүхий эдээр хангагч орны тоонд багтах нь нэг талаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг манай орны хийж чадах хүчин чармайлт болох билээ.

 

Медиа аналист, нийтлэлч Ц.Тамир