Холбоо барих

Монгол Улсын эдийн засгийн өсөлт үргэлжилж, 2025 онд ДНБ 6.6%-иар өснө

Монгол Улсын эдийн засгийн өсөлт үргэлжилж, 2025 онд ДНБ 6.6%-иар өснө

Монгол Улсын эдийн засгийн өсөлт үргэлжилж, 2025 онд ДНБ 6.6%-иар өснө гэж Азийн Хөгжлийн Банк тооцооллоо

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2024 онд өмнөх онтой харьцуулахад бага зэрэг саарсан ч ашигт малтмалын олборлолт болон үйлчилгээний салбарын нөлөөгөөр эрчимтэй өссөн. Уул уурхайн салбарын өсөлт, тэр дундаа зэсийн баяжмалын үйлдвэрлэлээ нэмэгдүүлж буй Оюу толгойн уурхай 2025, 2026 оны эдийн засгийн өсөлтөд гол түлхэц үзүүлнэ. Харин 2023, 2024 онд малын хоргодлын томоохон хохирол амссан хөдөө аж ахуйн салбар энэ онд сэргэх төлөвтэй байна. 

Азийн Хөгжлийн Банк (АХБ) 2025 оны 4-р сарын Азийн хөгжлийн төлөв тайландаа 2024 онд 4.9%-ийн өсөлттэй байсан Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.6%-иар өснө гэж төсөөлсөн байна. Харин 2026 онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 5.9% байх төлөвтэй байна.

“Уул уурхай болон үйлчилгээний салбарын эрчимтэй өсөлт хөдөө аж ахуйн салбарын огцом агшилтыг нөхсөнөөр Монгол Улсын эдийн засаг 2024 онд тэсвэртэй байдлаа хадгалж чадлаа” гэж АХБ-ны Орон хариуцсан ахлах эдийн засагч Эдуард Фэйбер хэлээд "2025 болон 2026 онд уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр хэвээр байх бөгөөд дотоодын эрэлт өсч, дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбар аажмаар сэргэж буй нь өсөлтөнд түлхэц үзүүлнэ. Гэсэн хэдий ч Монгол Улс түүхий эдийн экспорт, тэр дундаа нүүрсний экспортоос хамааралтай байгаа тул эрсдэл байсаар байна" хэмээн тодотгов.

Эдийн засаг идэвхжиж, төсвийн зардал тэлж, эрчим хүчний үнэ тариф өссөнөөс үүдэн инфляц 2025 онд 9.1%-д хүрч нэмэгдэх төлөвтэй байгаа бол 2026 онд 7.0% болж бага зэрэг буурах төлөвтэй байна.

Уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдсэнээр экспорт өсөх төлөвтэй байна. Харин хөрөнгө оруулалтын төслүүдэд шаардагдах үндсэн тоног төхөөрөмж, бараа материал зэрэг импортын өсөлт буурахгүй хэвээр байх хүлээлттэй байна. Барааны худалдааны тэнцэл ашигтай хэвээр байх боловч үйлчилгээний худалдааны алдагдал, орлогын гадагшлах урсгалын улмаас урсгал данс алдагдалтай хэвээр байх төлөвтэй байна.

Төсөөллийг бууруулж болзошгүй эрсдлүүд нь түүхий эдийн үнэ унах, нүүрсний эрэлт буурах, хөдөө аж ахуйн салбарт сөргөөр нөлөөлж болзошгүй байгаль цаг уурын эрсдэл, инфляц тооцоолсноос илүү нэмэгдсэнээр мөнгөний хатуу бодлого баримталж эхлэх зэрэг болно. Харин уул уурхайн салбарын үйлдвэрлэл, тэр дундаа зэсийн олборлолт төсөөлж байснаас хурдан нэмэгдэх нь эдийн засгийг төсөөллийг өсгөх магадлалтай.

Өсөлтийн энэхүү төсөөллийг 4-р сарын 2-нд АНУ-ын засгийн газраас шинэ тариф тогтоож буйгаа зарлахаас өмнө тооцсон тул суурь төсөөлөлд зөвхөн хуучин мөрдөгдөж байсан тарифуудыг тусгасан. Гэсэн хэдий ч Азийн хөгжлийн төлөв тайланд тариф нэмэгдсэнээр Ази, Номхон далайн бүс нутгийн өсөлт хэрхэн өөрчлөгдөж болох талаарх дүн шинжилгээг мөн багтаажээ.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутгийн хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай өсөлтийг дэмжин ажилладаг олон талт хөгжлийн тэргүүлэх банк юм. Нарийн түвэгтэй сорилтуудыг шийдвэрлэхийн төлөө гишүүн орнууд болон түншүүдтэйгээ хамтран ажиллахдаа АХБ нь ард иргэдийн амьдралыг сайжруулж, чанартай дэд бүтцийг бий болгож, эх дэлхийгээ хамгаалах санхүүгийн шинэлэг арга хэрэгсэл, стратегийн түншлэлийг ашигладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 69 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.