Холбоо барих

Испанийн эдийн засаг Европ дотроо хамгийн өндөр өсөлттэй байна

Испанийн эдийн засаг Европ дотроо хамгийн өндөр өсөлттэй байна

Европын олон орны эдийн засаг зогсонги байдалд ороод байгаа. 2023 онд Германы эдийн засаг 0.1, Итали 0.7, Франц 0.9 хувиар өссөн бол Испанийнх 2.5 хувьтай байв. АНУ-ын эдийн засгийн өсөлт мөн ийм түвшинд байгаа.

Ковидын дараа Испанид латинамерик цагаачид ихээр ирэх болсон нь ажиллах хүчийг нэмэгдүүлж эдийн засагт чухал түлхэц болжээ.

2023 онд 593 мянган цагаач хууль ёсоор орж ирсэн нь өмнөх хоёр жилийнхээс илүү байна. Испани улс 2022 оноос хойш 1.120.474 цагаач хүлээж авснаар Германы дараа хамгийн их цагаач хүлээж авсан Европын холбооны хоёр дахь улс болжээ. Тус улсад төрөлт багасч, хүн ам хөгшрөх хандлага байгаа ч 2023 онд хүн ам нь цагаачдын урсгалын улмаас 500.000-р нэмэгджээ.

Испанид ирж суурьшиж буй цагаачдын дийлэнх нь Латин Америкийн буюу төрөлх испани хэлтэй иргэд байна. 2023 онд Иберийн хойгт Колумбын 42.600, Венесуэлийн 27.300 иргэн оршин суух зөвшөөрөл авчээ.

Мадридын эдийн засгийн судалгааны төвөөс гаргасан тоо баримтаар, Испанийн эдийн засгийн өсөлтийн тал хувийг цагаачид бүрдүүлж байгаа аж. 2053 он гэхэд оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэдийн тоо гурав дахин нэмэгдэх бөгөөд ийнхүү ажиллах хүч болон тэтгэврийнхний хоорондох зохистой харилцаа тэнцвэртэй байх гэнэ. Ажиллах хүч дутагдвал тэтгэврийнхний цалин хөлсийг олгоход асуудал үүсдэг.

Испани улс Оросын эрчим хүчний эх үүсвэрээс хамгийн бага хамааралтай байдаг нь эдийн засаг өсөхөд чухал нөлөө үзүүлжээ. Украины дайны улмаас Европын улс орнуудын эрчим хүчний нийлүүлэлт доголдож эдийн засагт муугаар нөлөөлсөн юм. Мөн ковидын дараа Испанийн аялал жуулчлал эргэн сэргэж хүлээн авч буй жуулчдын тоогоор тэргүүлэх байр сууриа дахин олж авчээ. 2023 онд Испанид 85 сая жуулчин хөл тавьжээ.

Б.Нямдорж