ТАНИЛЦ: Энэ жил хэрэгжиж эхэлж буй ХУУЛЬ, ТОГТООЛУУД
2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хуулиудыг танилцуулж байна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг боллоо
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1995 оноос хойш жил бүр нэмэгдүүлж иржээ. 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн цагт 4715 төгрөг буюу сард 792 мянган төгрөг байх тогтоол гарсан.
Одонтой эхийн тэтгэмжийг 200 мянга болгож нэмэгдүүлэв
Засгийн газрын 2024 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар Эхийн алдар одонтой эхэд олгодог мөнгөн тэтгэмжийн хэмжээг хоёр дахин нэмэх шийдвэр гаргасан.
Иймд Эхийн алдар нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг болгон нэмэгдүүлэв.
Зэвсэгт хүчин, хилийн цэргийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 10-25 хувь болголоо
Төрийн албаны тухай хуулийн 7.1.4.-т "Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах" зарчим баримтална гэж заасан. Алба хаагчийн албан тушаалын үндсэн цалингийн 25 хувиар тооцож, сар бүр олгоно.
- Уг журамд, зэвсэгт хүчин, Хилийн цэргийн офицер, ахлагч 10 хувь,
- Дотоодын цэргийн офицер, ахлагч 15-25 хувь, ШШГБ,
- Хорих байгууллага албан хаагчид 10-25 хувийн албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын үндсэн цалингийн 25 хувиар тооцож, сар бүр олгох тогтоол 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлнэ.
Малчинд санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх үйлчилгээг сайжруулна
Малчны тухай хуулийн 12 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тухайлбал, малчинд санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх үйлчилгээг сайжруулна гэжээ.
Мөн тус хуульд арилжааны банканд малчинд зориулсан нэн хөнгөлөлттэй, хөнгөлөлттэй зээлийн болон даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний шинэ нэр төрлийг нэмэгдүүлж, малчин үйлдвэрлэлдээ чанарын өөрчлөлт гаргах, байгальд ээлтэй, тогтвортой үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх ажээ.
Малчны дараах үйл ажиллагаанд нэн хөнгөлөлттэй зээл олгоно.
- Өвөлжөө, хаваржааны хашаа, саравч, хороо, байр барих,
- Доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, малын тэжээл тариалах,
- Хөдөлмөр хөнгөвчлөх дэвшилтэт технологийг нэвтрүүлэх,
- Хадлан, тэжээлийн техник, тоног төхөөрөмж худалдан авах,
- Эрсдэлийн үед цас цэвэрлэх, бэлчээр гаргах техник болон сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж худалдаж авах зэрэгт хөнгөлөлттэй зээл олгохоор болсон байна.
Ахмад настнуудыг үргэлжлүүлэн хөдөлмөр эрхлүүлнэ
Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болов. Иймд өнөөдрөөс эхлэн ахмад настны тогтвортой орлогын эх үүсвэрийг хангах зорилгоор ахмад настнуудыг үргэлжлүүлэн хөдөлмөр эрхлүүлэхийг дэмжих, эдийн засгийн идэвхийг нь хадгалах, ахмад настнууд өөрийн чадавхыг амьдралынхаа туршид бүрэн дүүрэн ашиглах, тэдний мэргэжил, туршлага, ур чадварт түшиглэж залуу үеийг сургах, нөгөө талаар ахмад настан бүх нийтийн үйл хэрэгт идэвхтэй оролцох оролцоог дэмжин ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих олон талт бодлогыг батлан хэрэгжүүлэх зорилгоор Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах заалтыг тусгажээ.
Тэтгэврийн хэмжээг 6 хувиар нэмэгдүүллээ
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан.
Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 689 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 572,400 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоов.
Тэтгэврийн хэмжээг 6 хувиар нэмэгдүүлэхэд 297.4 тэрбум төгрөг зарцуулна.
Төрийн албан хаагчдын цалинг 6 хувиар нэмэгдүүллээ
2025 онд 226.2 мянган төрийн албан хаагчдын цалин хөлсийг инфляцын түвшинтэй уялдуулан 6.0 хувиар нэмэгдүүлэхээр тооцжээ.
- Ингэснээр төрийн захиргааны болон төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээ 1,166.0 мянган төгрөг (суманд 1,632.4 мянган төгрөг,
- Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт 1,399.2 мянган төгрөг),
- Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод хэмжээ 954.0 мянган төгрөг (суманд 1,335.6 мянган төгрөг,
- Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт 1,144.8 мянган төгрөг) болж нэмэгдэхээр байна.
Мөн бүх төрлийн тэтгэмжийн инфляцын түвшинд уялдуулан 6 хувиар нэмэхээр 2025 оны Төсвийн тухай хууль тусгажээ.
Aж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулав
Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй доор дурдсан үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлнө.
- Хөнгөлөх дүн нь тухайн татварын жилийн татвар ногдох орлогын 1 хувь хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байна. Үүнийг төрийн болон орон нутгийн өмчийн боловсрол, эрүүл мэндийн байгууллага дагаж мөрдөнө.
- Энэ заалтыг 2024 оны наймдугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2035 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.
Төрийн албан хэргийг кирил болон үндэсний бичгээр хөтөлж эхэлнэ
Монгол хэлний тухай хуулийн 11.1.4.-т төрийн захиргааны бүх шатны байгууллагын төрийн албан хэрэгт кирил болон үндэсний бичгийн хэлний хэм хэмжээг мөрдүүлж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах гэсэн заалт бий бөгөөд энэ заалтыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх юм.