Холбоо барих

АНУ-ын иргэн, гэр бүлд үрчлүүлсэн Монгол хүүхдүүдтэй уулзлаа

АНУ-ын иргэн, гэр бүлд үрчлүүлсэн Монгол хүүхдүүдтэй уулзлаа

Гадаадын иргэн, харьяатын газар нь Монгол Улсын харьяат хүүхдийг олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд гадаадын иргэнд үрчлүүлэх шийдвэр гаргах, үрчлэлтийн дараах хяналтыг тогтмол хэрэгжүүлэх чиг үүргийг хариуцан ажилладаг. Энэ хүрээнд “Холт Интернэшнл” олон улсын байгууллагатай хамтран Америкийн Нэгдсэн Улсын иргэн, гэр бүлд үрчлэгдсэн Монгол Улсын харьяат хүүхдүүдийн амьдрал, нөхцөл байдалтай танилцах уулзалтыг Чикаго хотноо зохион байгууллаа.

Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын Захиргаа, удирдлагын газрын дарга И.Баатархүү, Иргэний харьяаллын газрын дарга Г.Билэгт, “Холт Интернэшнл” байгууллагын Монгол Улс, БНСУ дахь төсөл хөтөлбөрүүдийн захирал Пол Ким болон Чикаго хот орчимд амьдарч буй үрчлэгдсэн хүүхдүүд, эцэг эхийн хамт оролцов.

Энэ үеэр үрчлүүлсэн хүүхдүүдийн ахуй амьдрал, сурч боловсорч буй орчин, нөхцөлтэй танилцсан бөгөөд эдгээр хүүхдүүд нь эрүүл, аюулгүй орчинд өсөж, хүмүүжиж,  өндөр боловсрол эзэмших, сурч хөгжих бүхий л боломжоор хангагдан амьдарч байна. Тухайлбал, Үрчлэгдсэн хүүхдүүдийн зарим нь Висконсин-Мэдисоны их сургууль, Деполын их сургууль зэрэг нэр хүндтэй сургуулиудад нийлүүлэлтийн сүлжээ, логистик, урлагийн сэтгэл засал, гадаад харилцаа, маркетинг, санхүүгийн чиглэлээр суралцаж байна. Тэд ирээдүйд хоёр орны гүүр болж, эх орондоо өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа уулзалтын үеэр онцолж байв.

Монгол Улс 1999 онд Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэлтийн асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцид нэгдэн орсноос хойш өнөөдрийн байдлаар 18 орны иргэн, гэр бүлд нийт 277 хүүхдийг үрчлүүлсэн бөгөөд үүнээс хамгийн олон буюу 157 хүүхэд АНУ-д амьдарч байна.

Америкийн Нэгдсэн Улсын иргэн, гэр бүлд үрчлүүлсэн 157 хүүхдийн 71 нь АНУ-д төвтэй “Холт интернэйшнл” хүүхдийн төлөө олон улсын байгууллагаар зуучлуулан үрчлүүлсэн ба тус байгууллагатай хамтран үрчлүүлсэн хүүхдийг төрөлх эх оронтой нь танилцуулах аяллыг 2017 оноос хойш зохион байгуулж байна.

Ийнхүү үрчлэгдсэн хүүхдүүд нь Монгол Улсын хуулийн дагуу 16 насанд хүртлээ Монгол Улсын харьяат байх, 16 насанд хүрмэгц иргэний харьяаллаа чөлөөтэй сонгох боломжтой юм.

Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар