Холбоо барих

УИХ Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг баталлаа

УИХ Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг баталлаа

УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы (2024.11.08)-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.  

Тодруулбал, Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж батлав.

Монгол Улсын 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 23 их наяд 140 тэрбум 589.3 сая төгрөг, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 26 их наяд, 485 тэрбум, 278  сая төгрөг байхаар баталлаа. Мөн  Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 3 их наяд 932 тэрбум 432.9 сая төгрөгөөр санхүүжүүлэх, Засгийн газрын гаргах өрийн баталгааны дээд хэмжээг 2025 оны төсвийн жилд 3.5 их наяд төгрөг байхаар тусгажээ.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ, УИХ-ын гишүүдээс 2025 оны төсвийн төслийг олон талаас нь шүүн хэлэлцэж, Засгийн газраас дэвшүүлсэн арга хэмжээнүүдийн эрэмбэ, дэс дарааллыг нягтлах талаар олон санал, шаардлага гаргасныг тодотгоод Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг үндэслэн энэхүү батлагдсан 2025 оны төсвийг макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх нөлөөллийн талаар үнэлгээ хийж үр дүнг танилцуулахыг Засгийн газарт даалгаж байгаагаа онцлон тэмдэглэсэн.

Мөн тэрбээр татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай, хэмнэлттэйгээр захиран зарцуулахын тулд төсвийн төлөвлөлтийг сайжруулж, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг зөв үнэлж, эдийн засгийн бодлого хоорондын нийцлийг зөв хангаж ажиллахыг Засгийн газарт анхааруулсан юм.