Холбоо барих

Уран зохиолын хамгийн том шагнал уу, нэг төрлийн үхлийн үнсэлт үү?

Уран зохиолын хамгийн том шагнал уу, нэг төрлийн үхлийн үнсэлт үү?

Өнөөдөр Нобелийн уран зохиолын шагналтан тодроно. Арван сая швед крон буюу нэг сая орчим евро дагалддаг энэ шагнал баяр хөөр авчрахаас илүү хараал хүргэсэн тохиолдлууд байдаг. Нэг эмгэнэлт жишээ гэвэл, 1974 онд Нобелийн шагнал авсан швед зохиолч Харри Мартинсон хүнийхээ, зохиолчийнхоо хувьд ч дампуураад дуусчээ. 1901 оноос хойш Нобелийн академийн гишүүн байсан түүнийг Нобелийн шагналыг хуйвалдаж авсан гэдэг яриа гарчээ. Шүүмжлэлд гүнзгий хямарсан Мартинсон дөрвөн жилийн дараа хайчаар гэдсээ хүүлж амиа егүүтгэжээ.

Нобелийн уран зохиолын шагнал авснаар аз жаргалгүй болж, хараалд идэгдсэн гэж ярьдаг зохиолчид байсан хэмээн 1999-2009 онд Нобелийн академид нарийн бичгээр ажиллаж байсан Хорас Энгдал ярьжээ. Хамгийн эмгэнэлтэй нь Харри Мартинсоны үхэл.

Нобелийн шагнал авсан зарим зохиолч үүнийхээ дараа унтарч, чимээгүй болсон тохиолдол цөөнгүй байдаг. Камило Хосе Села, Надин Гордимер, Херта Мюллер тэргүүтэй зохиолчид Нобел авсныхаа дараа даацтай бүтээл гаргаагүй өнгөрчээ. Тэдний ном бүтээлийг ч уншихаа бараг больсон аж.

Габриел Гарсия Маркес ч Нобелийн шагналаас айж явжээ, гэхдээ өөр шалтгаанаар. Тэрээр 1980 онд энэ шагналыг үхлийн ялтай тэнцэхүйц "Зөнөгрөлийн шагнал" хэмээн нэрлэж байв. Альберт Камус, Хуан Рамон Хименез, Пабло Неруда, Луижи Пиранделло нар шагнал аваад долоон жилийн дотор хорвоог орхижээ. Мөн энэ бүлэг багтдаг Жон Стейнбэк, Саул Беллоу нар "Нобелийн шагнал бол үхлийн үнсэлт" хэмээн мэдэгдэж байв. Габо 1982 онд Нобел аваад энэхүү хараалыг бүр давхар сөрж 1985 онд Тахлын үеийн дурлал, 1989 онд Төөрөлдсөн генерал хэмээх шилдэг бүтээлээ туурвижээ.

Вильям Фолкнер, Эрнест Хэмингуэй Нобелийн шагналыг Хунгийн дуу буюу уруудах үеийг нь дуудсан шагнал хэмээн нэрлэж байсан удаатай.

Б.Нямдорж