Холбоо барих

Израильд олон фронтод зэрэг дайтах цэргийн хүч бий юу?

Израильд олон фронтод зэрэг дайтах цэргийн хүч бий юу?

Газын зурваст Хамас, Ливанд Хезболла, Йеменд хуситууд, Ирак, Сири, Иран дахь цэрэгжсэн шийтүүдийн эсрэг. Израиль улс дайтаж байгаа фронтын жагсаалт ийм урт болж байна. Зөвхөн сүүлийн долоо хоногт Израилийн Батлан хамгаалах хүчин Ливанд газраар нэвтрэн орохын зэрэгцээ Йемен дахь хуситуудын байрлалыг бөмбөгдөж, Газа дахь довтолгоогоо үргэлжлүүлсээр байна.

Хариуд нь Хамас, Хезболла, хуситууд болон бусад шийт цэрэгжсэн бүлгийн гол хамсаатан Иран улс Иерусалим, Тель-Авив хотыг пуужингаар довтоллоо. Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху зохих хариуг нь өгнө хэмээн амлав.

2023 оны аравдугаар сарын 7-нд Хамас Израилийн газар нутаг дээр аймшигтай халдлага үйлдэж 1.200 хүний аминд хүрснээс хойш Нетаньяху Ойрхи Дорнодод “шинэ эмх журам”-ыг тогтоох зорилго дээрээ баттай зогсож довтолгоог эхлүүлснээр Газын зурваст амиа алдсан хүний тоо 41.000, Ливанд 2.000-д хүрчээ. Ойрхи Дорнод түүхийнхээ хамгийн аюултай, дайны гал дүрэлзсэн байдалд хүрлээ хэмээн тоймч, ажиглагчид үзэж байна.

Израиль улсад ийм олон фронтод зэрэг дайтах чадал бий юу? “Сүүлийн довтолгоо, дайралтыг харахад Израильд ийм чадал, чансаа байгаа гэдэг нь харагдлаа. Гэхдээ юм хязгаартай, тэд олон фронтод дайтах тусам ажиллагаа бүр нь илүү хэцүү болж ирнэ” хэмээн Олон улсын стратеги судалгааны төвийн мэргэжилтэн Шаан Шайх ВВС-д ярьжээ.

Израиль улс 2019 оноос хойш жил бүр 20 тэрбум долларыг цэрэг, армидаа зарцуулжээ. Ираны 2022 оны цэргийн төсөв долоон тэрбум доллар байв. Израиль улс хол нисэх чадвартай сөнөөгч F-15, “хулгайч” буюу радарт өртдөггүй F-35, хурдан довтолгооны нисдэг тэрэг зэрэг байлдааны 340 нисэх онгоцтой. Ойрхи Дорнод дахь ямар ч цэгийг агаараас довтлох чадалтай. Мөн хуягт машин, танк, их буу, дайны хөлөг онгоц, дроны их нөөцтэй. Израиль улс Хамасын эсрэг тэмцлийнхээ явцад цэрэг, армиа хамгийн сүүлийн үеийн зэвсэг, техникээр хангаж чадсан гэдэг. Үүний зэрэгцээ тагнуулын байгууллага нь (Моссад) гайхалтай сайн ажилладаг. Ливанд болсон пэйжерүүдийн дэлбэрэлт нэг жишээ нь.

Мөн Төмөр Бамбай, Давидын дүүгүүр гэж агаараас батлан хамгаалах систем алдаа мадаггүй ажилладаг. Аравдугаар сарын 1-нд Иранаас харвасан пуужинг бараг бүгдийг нь агаарт тасалж устгажээ. Хот, суурин руу чиглэсэн пуужинг алдалгүй агаарт устгаж чадаж байна.

Хамас, Хезболла, хуситууд зэрэг бие даасан бүлэглэлүүд Израилийн цэрэг армийн чадал чансаанд хавьтахгүй. Харин Ираны эсрэг байдал тэс өөр аж. Иранууд хүчтэй зэвсэг, пуужингаар зэрэг довтолбол алдарт Төмөр Бамбай систем доголдох магадлалтай хэмээн цэргийн тоймч, ажиглагчид хэлж байна. Агаараас хамгаалах системийн илрүүлэгч, мэдрэгчүүд хойд зүгт, Ливан руу харж байхад зүүн талаас буюу Иранаас, өмнө зүгээс буюу Йеменээс довтолгоо ирвэл доголдож мэднэ хэмээн үзэж байна.

Израилийн идэвхтэй алба хааж буй цэрэг 178.000. Нөөц цэргийн тоо 460.000. Мөн 18 насанд хүрсэн израиль хүн эр, эм хамаарахгүй цэргийн алба хаах үүрэгтэй байдаг.

Ираны байнгын цэрэг 600.000, нөөцөнд 300.000. Үүн дээр цэрэгжсэн бүлгийн дайчид нэмэгдэнэ. Хезболла 50.000-100.000, Хамас 20.000-30.000 дайчинтай.

Израилийн цэргийн боловсон хүчний 70% нь мэргэжлийн бус цэргүүд тул тэд тодорхой хугацааны дараа гэртээ харьж, ажлаа хийж эдийн засгаа хөдөлгөх хэрэгтэй болдог.

Израилийн ард АНУ зогсож байдаг. Израиль зэр зэвсгийн импортынхоо 69 хувийг Америкаас авдаг. Газын дайн эхлэхээс өмнө АНУ Израильд жил бүр 3.3 тэрбум долларын цэрэг, дайны дэмжлэг үзүүлж иржээ. 2022 онд гэхэд л Израилийн агаараас хамгаалах системд нэг тэрбум долларын тусламж үзүүлжээ. Герман, Франц, Их Британи, Нидерланд, Канад, Австрали зэрэг улс Израильд зэвсэг нийлүүлж байна. Герман гэхэд л өнгөрсөн онд Израильд 326 сая долларын зэвсэг нийлүүлжээ.

Израилууд нэг, хоёр, эсвэл арван тулаанд дайснаа ялж болох ч газар нутаг, хүн амын хэмжээнээс болж тэднийг бүрэн гүйцэд дийлж чадахгүй хэмээн тоймчид үзэж байна. Израиль 10 сая хүнтэй, Иран 89 сая хүнтэй. Израиль, Ираны аль нь ч бүрэн хэмжээний дайныг хүсэхгүй байгаа, учир нь хохирол, сүйрэл нь хэмжээлшгүй их гэдгийг бүгд ойлгож байгаа.

Б.Нямдорж