Ливанд олон зуун пэйжер нэгэн зэрэг дэлбэрчээ
Өнгөрсөн мягмар гаригт Ливанд харилцаа холбооны эртний хэрэгсэл болох олон зуун пэйжер нэгэн зэрэг дэлбэрч 12 хүний аминд хүрч, 2.800 хүн шархдаж бэртжээ. Зөвхөн Ливанд биш, мөн Сирид пэйжерүүд дэлбэрч 14 хүн шархаджээ.
Пэйжерүүд яаж нэгэн зэрэг дэлбэрсэн, халдлагыг хэрхэн зохион байгуулсан нь тодорхойгүй ч үүнийг Израиль зохион байгуулсан гэдэгт Хезболла болон Ливаны Засгийн газар итгэлтэй байна. Дэлхий даяар хэрэглэхээ болиод байгаа энэхүү төхөөрөмжөөс бүрэн татгалзахыг Ливаны эрх баригчид иргэдээсээ хүсчээ.
Пэйжер (beeper ч гэдэг) гэж юу вэ?
Гар утас өргөн дэлгэрэхээс өмнө богино зурвас илгээх, хүлээн авахад ашигладаг байсан утасгүй авсаархан төхөөрөмж.
Walkie-talkiе-г зохион бүтээсэн Альфред Гросс 1949 онд анхны пэйжерийг бүтээж зохиогчийн эрхээ авчээ. 1980-аад он, ХХI зууны эхэн хүртэл эмнэлгийн ажилтнууд, аюулгүйн албаныхан, ЗГ-ын агентлагууд өргөн хэрэглэдэг байж. Одоо ч дуудлагад даруй хариу өгөх боломжгүй байдаг эмч зэрэг хүмүүс ашигласаар байдаг.
Гар утас гарч ирснээр пэйжер шахагджээ. Гэвч пэйжер нь алс хол газар голохгүй зурвас хүргэдэг, ямар нэг GPS болон бусад төхөөрөмжид “баригддаггүй”.
Ливанд төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг Хезболла бүлгийн гишүүд Израилийн тусгай албаны хяналтад өртөхгүйн тулд пэйжерийг өргөн ашигладаг аж. Тус бүлгийнхэн израилиудад “олзлогдохгүйн” тулд хэдэн жилийн өмнөөс гар утас хэрэглэхээ больжээ.
Хамас бүлгийн тэсрэх бөмбөгийг үйлдвэрлэгч Яхья Айяш 1996 онд Израилийн халдлагад амиа алджээ. Айяшийн гартаа барьж байсан гар утас дэлбэрч амиа алдсан юм.
Таван сарын өмнө 5.000 орчим пэйжер Ливанд орж ирсэн хэмээн Ливаны аюулгүй албаны ажилтан Ройтерст ярьжээ.
Уржигдар зэрэг дэлбэрсэн пэйжерүүд нь Тайванийн Gold Apollo үйлдвэрийн Rugged Pager AR-924 загвар. Тус үйлдвэр пэйжер дэлбэрсэн хэрэгт бид хамаагүй хэмээн яаран мэдэгдэл хийжээ. Пэйжерийн халдлагыг Израилийн тусгай алба Моссад зохион байгуулсан хэмээн ливанууд үзэж байна.
Б.Нямдорж