Холбоо барих

Агуй судлаач Сиффре: Би цаг хугацааг мэдэлгүйгээр харанхуйд амьдрахаар шийдсэн

Агуй судлаач Сиффре: Би цаг хугацааг мэдэлгүйгээр харанхуйд амьдрахаар шийдсэн

Бид цаг хэд болж байгааг мэдэх гэж өдөрт хэд хэдэн удаа цаг руугаа, гар утсаа хардаг. Цаг хугацаа бидний амьдралд чухал үүрэгтэй, тиймээс ч хүн төрөлхтөн аль эртнээс л нар, сараар баримжаалах зэргээр цаг хугацааг хэмжих аргыг эрэлхийлсээр иржээ.

Гэвч бид хэзээ нь өдөр, хэзээ нь шөнө болоод байгааг мэдэхгүй байвал ямар байх вэ? Цаг хугацааг хэмждэг ямар нэг хэрэгсэл, төхөөрөмж байхгүй бол яах вэ? Мишель Сиффре хэмээх залуу франц геологч 1960 онд энэ асуултыг өөртөө тавьж нээлт хийж байж.

1961 онд Юрий Гагарин сансарт ниссэн анхны хүн болж 108 минут дэлхийг тойрч нисчээ. Хүн илүү урт хугацаагаар сансарт байвал юу болох вэ хэмээн Сиффре өөртөө асуулт тавилаа. Бидний зүүд нойрт хэрхэн нөлөөлөх вэ? Тэрээр энэ асуултад хариулахаар сансарт ниссэнгүй, харин бүр эсрэг зүг рүү, доошоо явжээ.

Агуй судлаач Сиффре энэ оны наймдугаар сарын 25-нд Ница хотод 85 насандаа өөд болжээ. 1962 онд 23-хан настай байхдаа биологийн цэгц, тэнцвэрийг зохицуулдаг хүний кронобиологийн хамгийн алдартай туршилтыг хийсэн юм.

Тэрээр зөвхөн хоол хийх, унших, тэмдэглэл бичихэд ашиглах уурхайчны гэрэлтэй 130 метр гүн агуйд хоёр сарыг өнгөрөөжээ. “Би нэг амьтан шиг л цаггүй, цаг хугацааг мэдэлгүйгээр харанхуйд амьдрахаар шийдсэн” хэмээн Мишель Сиффре 2008 онд өгсөн ярилцлагадаа онцолж байв. Залуу агуй судлагч 1960 онд нээгдсэн Альпийн нурууны мөсөн агуйд туршилтаа хийжээ.

“Агуйн аман дээр манай баг байрласан. Би сэрэхдээ, хоол идэхдээ, унтахаасаа өмнө тэд нар руу утасдаж мэдэгдэнэ. Манай баг над руу холбогдохгүй, гадаа хэдэн цаг болж байгааг би мэдэх ёсгүй”. Ийнхүү тэрээр хүн “биологийн цаг”-тай гэдгийг баталж чаджээ. Тэр цаг бидний өдөр тутмын амьдралд хэвшил болсон нэг өдөр, 24 цагт захирагддаггүй гэдгийг нээсэн нь гэнэтийн сонин болсон юм.

Сиффре найман долоо хоног агуйд байхдаа бие, сэтгэл нь нэхсэн цагт л идэж, унтаж байлаа. Газар дээр байгаа хүмүүст унтах, идэх бүртээ мэдэгдэхийн зэрэгцээ судасны цохилтоо хэмжиж, 1-120 хүртэл тоолж байв.

Сиффре 120 хүртэл тоолохдоо нэг орон, нэг тоог хэлэх гэж нэг секунд зарцуулж байлаа. 120 тоолоход таван минут (300 секунд) зарцуулж байв. Таван минутын хугацаа түүнд хоёр минут шиг байсан гэсэн үг.

Агуйд, 130 метр гүний харанхуйд цаг хугацаа удааширсан байсан нь Сиффре агуйгаас гарсны дараа батлагджээ. Тэрээр агуйд хоёр сар болсон ч өөрт нь нэг сар л байсан мэт санагджээ. “Миний биологийн цаг хоёр дахин багассан байсан” хэмээн франц эр ярьж байв.

Нар мандаж, жаргах байгалийн жамаар зохицуулагддаг эрчим, давтамжгүйгээр хүний бие цогцос ойролцоогоор 48 цагийн мөчлөгтэй дотоод цагтай болохыг Сиффрегийн нээлт харуулжээ.

Франц агуй судлаач 50 жилийн турш өөрийн болон бусдын биеэр туршиж энэ онолыг баталгаажуулсан аж.

1962 оны “салалт”-ын дараа сайн дурынхантай (бүр эмэгтэй хүнтэй хамт) агуйд таван удаа гурваас зургаан сарын хугацаатай туршилт хийжээ. Тэр бүрт туршилтад орсон хүн бүр 48 цагийн мөчлөгч орж байжээ.

“Тэд 36 цаг тасралтгүй идэвхтэй байж байгаад 12-14 цаг унтаж байсан” хэмээн Сиффре өгүүлж байв. Энэ нээлтийн дараа Францын Батлан хамгаалах яам Сиффред том санхүүжилт олгож, цэргүүдийн сэрүүн, идэвхтэй байх цагийг хоёр дахин нэмэгдүүлэх боломжийг судлахыг хүсчээ. Мөн цөмийн шумбагч хөлөг, усан цэргүүдийн даалгавар биелүүлэх хугацааг уртасгах зорилго ч агуулж байж.

Зөвхөн францууд ч биш, Америкийн сансар судлалын төв (NASA) сонирхлоо илэрхийлж, сансарт олон хоног нисэхэд ямар үр нөлөө гарахыг мэдэхийг хүсч байв.

Сиффре 1972 онд хоёр дахь хувийн төслөө хэрэгжүүлж Техасын Дел Рио орчмын Түнэр Харанхуй агуйд зургаан сарыг өнгөрөөхөд Францын Батлан хамгаалах яам, НАСА санхүүжилт олгожээ. Биологийн цагтай үед хөгшрөлт хэрхэн явагддаг, 10, 15 жил тутамд тархи цаг хугацааг хүлээн авах хэлбэрт ямар өөрчлөлт гарахыг судлахыг зорьсон аж.

Эцэст нь тэд 205 хоног (долоон сар) болоод гарч иржээ. Тэрээр мөн 48 цагийн мөчлөгт орсон ч тогтвортой биш байв. “Би 26 цаг тасралтгүй идэвхтэй байж байгаад 12 цаг унтаж байсан. Тэрхүү урт өдрүүд болон 24 цаг үргэлжилдэг өдрийн ялгааг мэдрэхгүй байсан. Заримдаа хоёр цаг, заримдаа 18 цаг унтдаг ч ялгааг нь мэдрэхгүй байсан. Сэтгэл зүйн цаг юм шиг. Хүн өөрөө асуудал нь ч юм уу? Цаг хугацаа гэж юу юм бэ? Бид үүнийг мэдэхгүй” гэж Сиффре ярьжээ.

Б.Нямдорж