Холбоо барих

“Бадрах Энержи” компани “Бундан” төслийг дэмжин ажиллаа

“Бадрах Энержи” компани  “Бундан” төслийг дэмжин ажиллаа

Энэ 9 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд “Бундан” төслийн эмч, мэргэжилтнүүд Дорноговь аймгийн Сайншанд хот, Сайншанд сумын Зүүнбаян баг болон Улаанбадрах болон Замын-Үүд суманд ажиллав. Аймаг, сумын нийт 561 иргэн, үүнээс 155 хүүхэд зүрх, судасны нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрагдаж, нэн шаардлагатай зөвлөгөөг авлаа. “УБ Сонгдо” эмнэлгийн захирал, зүрхний мэс засалч Б.Болдсайхан эмчийн санаачилсан “Бундан” төслийн хүрээнд олон мянган хүүхдэд эрт үзлэг, оношлогоо хийж, шаардлагатай мэс засалд хамруулж ирсэн билээ.

“Бадрах Энержи” ХХК нь үйл ажиллагаа явуулж байгаа сум, орон нутагтаа нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжсэн олон төсөл хөтөлбөрийг үндсэн таван чиглэлээр хэрэгжүүлдэг. Үүний нэг чиглэл болох  хүн амын эрүүл мэндийг дэмжихэд жил бүр орон нутагтай хамтран ажиллаж ирсэн. Тухайлбал, Улаанбадрах сумын эрүүл мэндийн үйлчилгээний нөхцөл бололцоог сайжруулах зорилгоор засвар, тохижилтийг хийж, шинжилгээ оношлогооны тоног төхөөрөмжийг шинэчилж, яаралтай тусламж үзүүлэхэд нэн шаардлагатай авто машин зэргийг хандивлаж байсан.

Энэ удаа зүрх судасны үзлэг, оношлогоогоор мэргэшсэн  “Бундан” төслийг дэмжиж, иргэд, хүүхдүүдэд эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулж хамтран ажиллалаа.

Манай улсад жилд 80 мянга гаруй хүүхэд мэндэлж байгаагийн 100 төрөлт тутамд нэг зүрхний гажигтай хүүхэд төрдөг гэсэн судалгаа бий бөгөөд жилд дунджаар мянга орчим хүүхэд зүрхний төрөлхийн гажигаар оношлогддог байна. Зүрхний төрөлхийн гажигтай төрсөн хүүхдүүдийн 95 хувьд нь мэс засал хийж, эрүүл болгох боломжтой байдаг тул  нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрагдаж, зөвлөгөөг цаг алдалгүй авах нь  нэн чухал юм.