Төрийн албан хаагчдыг 7 хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар авто замын ачааллыг бууруулах зорилгоор “Еcomobility” аянг эхлүүллээ.
Улаанбаатар хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас өдөрт дунджаар 600 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог. Улаанбаатар хотын авто машин зам дээрээ багтахаа больсон нь түгжрэлийн гол шалтгаан билээ. Бүртгэлтэй авто машинуудыг чөлөөтэй зорчуулахын тулд одоо байгаа авто замаа гурав дахин нэмэгдүүлэх шаардлагатай.
Тиймээс хотын түгжрэлийн асуудлыг хүчээр гэхээсээ илүүтэй хотын иргэдтэйгээ хамтарч, үзэл санааны хувьд нягтарч шийдэх арга замууд ч бий. Тухайлбал, машинаа дундаа ашиглах буюу нэг ажил, чиглэлд явдаг хүмүүс машинаа хуваалцаж хэрэглэж болно. Хүүхдээ сургууль, цэцэрлэгээс зөөхөд эцэг, эхчүүд тохиролцоод ойрхон гэртэй хүмүүс нь ээлжилж авдаг жишээ амьдрал дээр байдаг.
Харин одоо хөрш айлаараа, эсвэл хамт олноороо нэг нэгнээ замаасаа суулгаад ээлжлэн явдаг болбол зам дээрх машины тоо тодорхой хэмжээнд буурах боломжтой. Өнөөдөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа ихэнх тээврийн хэрэгсэл нэгээс, хоёр зорчигчтой явж байгаа. Мөн ажил гэр эсвэл гэр сургууль нь ойрхон байдаг алхах боломжтой хүмүүс алхдаг соёл руу шилжих, унадаг дугуй, нийтийн тээвэр ашиглахыг уриалж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Авто машинаа дундаа ашиглах, алхах, унадаг дугуй, нийтийн тээвэр хэрэглэхийг уриалж буй зэрэг нь нийлээд сүүлийн үед дэлхийн түгжрэл ихтэй томоохон хотуудад трэнд болж буй “Эко мобилити” гэх үзэл санаа юм. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот иргэнд ээлтэй, “Эко мобилити”-д нэгдэх таатай орчин бүрдүүлэх чиглэлээр олон ажил эхлүүлээд байна.
Эдгээр ажлын хүрээнд:
- Орон нутгийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас дээш хугацаагаар зорчвол хоног тутам 5000 төгрөгийн хураамж авна. Товчоодод хяналтын системийг бүрэн нэвтрүүлж дууссан.
- Нийслэлийн төр, захиргааны байгууллагын цэнхэр дугаартай автомашины 50 хувийг хөдөлгөөнд оролцуулахгүй. Энэ хүрээнд төрийн албан хаагчдыг ажилчдын автобусаар авна.
- Мөн төрийн албан хаагчдыг 7 хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулна.
- Татвар, торгуулиа төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй.
- Автобусны зогсоол дээр зогссон жолоочийг хяналтын камераар торгох арга хэмжээ авна.