Я.Содбаатар: Эмэгтэйчүүдийн манлайлал сайн өөрчлөлт шинэчлэлийг авч ирнэ гэдэгт итгэлтэй байна
Монголд болж буй Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (ICAPP)-ын Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хуралдаанд Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар оролцож үг хэллээ.
Тэрбээр “Хоёр сарын өмнө Монгол Улс ардчилсан засаглалд шилжсэнээс хойших ес дэх удаагийн сонгуулиа амжилттай зохион байгуулж, Монгол Ардын Нам гурав дараалсан ялалт байгуулаад байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентын төлөөллийн чадавхыг сайжруулах хүрээнд сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж, жагсаалтыг хүйсээр сөөлжлөн бичиж, 30 хувийн хүйсийн квотоо хадгалснаар парламент дахь эмэгтэйчүүдийн тоо анх удаа 25.4 хувьд хүрлээ. Энэ нь Монгол Улсын парламентын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд Ази, Номхон далайн орнуудын дунджаас 4.2 хувиар давж, дэлхийн дундаж болох 26.9 хувь руу дөхсөн төдийгүй өмнөх сонгуулийн үр дүнгээс даруй 8.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Мөн шинэчлэгдэн батлагдсан Улс төрийн намын тухай хуульд жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар олон дэвшилтэт заалтууд тусгагдаж, хэрэгжиж эхлээд байна. Энэ бүх өөрчлөлтийг дэлхийн олон улс төрийн намууд сайшааж, сайн туршлагаар нэрлэж байгаад эрх барьж буй намын Ерөнхий Нарийн Бичгийн даргын хувьд талархаж байна.
2024 онд дэлхийн 64 улсад шат шатны сонгуулиуд зохион байгуулагдаж байгаа нь ардчилал, парламентын засаглалын хувьд сонирхолтой цаг үе болж байна. Ийм цаг үед Эмэгтэйчүүдийн VIII хурал "Ази, Номхон далайн бүсийн эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх нь" сэдвээр зохион байгуулагдаж байгаа нь туйлын ач холбогдолтой юм. Илүү олон эмэгтэйчүүдийн манлайлал нийгмийн салбар бүрд сайн өөрчлөлт шинэчлэлийг авч ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Ч.Номин: Бидний хамтын ажиллагаа Азийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна
Мөн Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн, Социал демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч, ICAPP-ын Эмэгтэйчүүдийн жигүүрийн тэргүүн Ч.Номин үг хэллээ.
Тэрбээр “Өнөөдөр бид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдний улс төрд оролцох боломжийг өргөжүүлэх зорилготой бөгөөд энэ нь дэлхийн хэмжээнд жендерийн тэгш байдлыг хангасан үзэл санаатай нийцэж байна. Та бид хамтдаа Ази тив болоод бүс нутгийн хэмжээнд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлж, тогтвортой хөгжил, жендерийн тэгш байдлыг хангах томоохон алхмыг хийж чадна гэдэгт итгэлтэй байна. Бидний хамтын ажиллагаа Азийн улс орнуудын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна” гэв.