“Даншиг наадам-Хүрээ цам-2024” Хүй долоон худагт эхэллээ
Монголчуудын өв соёлын “Даншиг наадам- Хүрээ цам 2024” наадам өнөөдөр Хүй долоон худгийн зүлэг ногоон дэвжээнээ цамын зан үйлээр ёслол төгөлдөр нээлээ.
Уг наадмын арга хэмжээг НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулж буй.
Энэ амралтын өдрүүдийг дуустал үргэлжлэх уг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256 хүчит бөх зодоглож, Буриад бөхийн төрлөөр 64, Өвөр Монгол бөхийн төрлөөр 64 бөхийн барилдаан зохион байгуулж буйгаараа онцлогтой.
Мөн “Улаанбаатар 385” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, жороо мориноос гадна хоёр насны морь уралдана. Морьт харвааны тэмцээн, шагайн харвааны тойром, үндэсний сур харваа болон сээр цохих тэмцээн болно.