Дуурийн алдарт дуучин Пласидо Доминго, МУАЖ Э.Амартүвшин нар Монголын тайзнаа анх удаа хосолно
АПУ ХК-ийн урилгаар дэлхийн сонгодог урлагийн “домог”, алдарт Пласидо Доминго, Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин тэргүүтэй дэлхийн шилдгүүдийн хослол Монголд анх удаа тоглогдох гэж байна.
Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын ууган үйлдвэрлэгч АПУ компани 100 жилийн ойн хүрээнд дэлхийн сонгодог урлагийн оддын тоглолтыг өнөөдөр 16:00 цагаас “Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр”-аас Д.Сүхбаатарын талбайд олон нийтэд зориулан шууд дамжуулан хүргэх гэж байна.
АПУ компани энэхүү түүхэн ойн арга хэмжээг тохиолдуулан дэлхийн “Алдарт гурван тенор“-ийн нэг, дуурийн дуучин, удирдаач, тенор, баритон, 150 гаруй дүр бүтээсэн эклектик уран бүтээлч, Грэммигийн 12 шагналын эзэн Пласидо Доминго, энэ цаг үеийн алдарт баритон, дэлхийн бүхий л гол тайзнаа гайхамшигт хоолойгоороо эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваа Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин, олон улсад нэр хүнд нь тасралтгүй өсөж буй гайхалтай сопрано Нина Минасян, орчин цаг үеийн хамгийн агуу тенор дуучдын нэг алдарт Ла Скала театрын дуучин Фабио Сартори, дэлхийд тэргүүлэх залуу удирдаачдын нэг Гаэтано Ло Коко нарыг эх орондоо урьж, “Centennial Celebration” дуурийн сонгодог тоглолтыг зохион байгуулж байна.
Тоглолтын талаар алдарт дуучин Пласидо Доминго хэлэхдээ “Дуурийн урлагт хүчин зүтгэсэн 65 жилийн хугацаанд анх удаа Монголд тоглох гэж буй тул урилгыг хүндэтгэн хүлээж авсан. Ялангуяа тэртээ 2012 онд Пласидо Домингогийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд тэргүүн байр эзэлж байсан Э.Амартүвшин дуучин маань ер бусын онцгой авьяастай уран бүтээлч төдийгүй түүний хоолойн техник, ур чадварыг нэгэн тайзнаа мэдэрнэ гэдэгтээ туйлын их баяртай байна” хэмээсэн юм.
Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин "Амьд домог Пласидо Домингог эх орондоо авчрах мөрөөдөл маань биелж байна. Түүнийг Монгол үндэсний урлаг соёл, үзэсгэлэнт эх орныг минь мэдрээсэй гэж хүсэж байна."
Шунхлай группийн Ерөнхийлөгч, АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан “Монгол Улс үйлдвэрлэгч, экспортлогч, брэнд бүтээгч орон болохын төлөөх замнал АПУ компанийн туулж ирсэн зуун жилийн түүхтэй салшгүй холбоотой. Энэ түүхэн хугацаанд үеийн үед дэлхийн шилдэг технологи, инновацыг эрэлхийлж, үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа нэвтрүүлж, Монголын төдийгүй олон улсын хэрэглэгчдэд урлан бүтээсэн брэндээ хүргэж ирсэн. Тиймээс түүхэн 100 жилийн ойгоороо эрхэм харилцагч, хамтран ажиллагсад, хамт олон, хэрэглэгч та бүхэндээ дэлхийн сонгодог урлагийн домогт уран бүтээлчдийн охь болсон бүтээлүүдийг эрхэмлэн зориулж байна.”