Холбоо барих

Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэгийн бүртгэл 2024 оны 8 дугаар сарын 1-ний пүрэв гарагаас, ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг 8 дугаар сарын 12-ны даваа гарагаас эхлэхийг Боловсролын ерөнхий газраас мэдээлэв.

Бүртгэл emongolia цахим портал, esis боловсролын салбарын мэдээллийн системээр явагдах юм.

Урьдчилан тооцоолж байгаагаар 2024-2025 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 292,359 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ байгаагаас 142,150 хүүхэд нь нийслэлд хамаарч байгаа аж.

Мөн 2023-2024 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 99 барилга байгууламжийг цэцэрлэгийн зориулалтаар түрээсэлсэн байна.

Түүнчлэн шинээр дараах байршлуудад цэцэрлэгийн зориулалттай байр түрээслэх хэрэгцээ үүссэн байна. Тодруулбал:

-БГД-ийн 26 дугаар хороо

-БЗД 17, 26, 36, 31, 38, 39, 42 дугаар хороо

-ХУД 8, 18, 21, 23 дугаар хороодод нийт 2913 хүүхдийг хамруулах 10 байрыг түрээслэх бол ажлын хэсэг 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн эдгээр байршлуудад ажиллана.

Үүний зэрэгцээ орон нутгийн хэмжээнд 35-аас дээш бүлэг дүүргэлттэй 167 цэцэрлэг байна. Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл аймгууд СӨБ-ын хүртээмжид анхаарал хэрэгтэй байгаа бол нийслэлийн хэмжээнд 35-аас дээш бүлэг дүүргэлттэй 122 цэцэрлэг байна.

Сонгинохайрхан, Баянзүрх, Хан Уул, Сүхбаатар, Баянгол дүүргүүдэд цэцэрлэгийн бүлэг дүүргэлтийг бууруулах шаардлагатай байгаа аж.