Холбоо барих

МАН-ын Д.Амарбаясгалан, Б.Баярбаатар, Б.Тулга, АН-ын С.Эрдэнэболд, О.Алтангэрэлийн улс төрийн карьер өнөөдөр л эхэлж байна

МАН-ын Д.Амарбаясгалан, Б.Баярбаатар, Б.Тулга, АН-ын С.Эрдэнэболд, О.Алтангэрэлийн улс төрийн карьер өнөөдөр л эхэлж байна

Монголын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй томоохон парламент бүрдэж байна. Тэд өнөөдөр УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардаж авна. Энэ олон гишүүний дунд өөр, өөрийн өнгө, дуу хоолой, үзэл бодлоор ялгарах гэхээс илүүтэй эртнээс улс төрд бэлтгэгдсээр, оролцсоор байсан ч өнөөдөр л УИХ-ын гишүүн болж буй жинхэнэ нуруутай, зарчимтай, хууль мэддэг, нэр цэвэр залуус ялгарч харагдах учиртай. Монголын улс төрд аль хэдийнэ танигдсан хууччуулаас нийгэм их зүйл хүлээхгүй байгаа нь шинэ залуу хүмүүсийг тойргоос илгээсэн сонголтоос дүгнэж болохоор байна. Мэдээж хууль тогтоох байгууллагад хууль зүй, улс төрийн салбарт шатаар ахиж яваа жинхэнэ мэргэжлийн хүмүүс жин дарах ёстой. Энэ шаардлагад нийцэхүйц анх удаа шинээр сонгогдож байгаа гишүүдээс таван залууг энд онцоллоо.

Парламентын 9 дэх удаагийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж чадаагүй ч олонх болж, Засгийн эрх мэдлийг хэрэгжүүлэх хэмжээний суудал авахад нөлөөлсөн хүн бол МАН-ын генсек Д.Амарбаясгалан мөн. Тэр анх удаа УИХ-ын гишүүн болж байна. Хэдий шинэ гишүүн ч гэлээ тэр улс төрийн хүрээлэлд аль хэдийнэ танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм. Сүүлийн жилүүдэд улс  төрийн томоохон хүчний гал тогоог, Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хавсран хашсан. Тэр энэ өндөр ачаалал дунд намынхаа сонгуулийн төв штабыг удирдахын зэрэгцээ өөрөө тойрогт өрсөлдөж ялав. Д.Амарбаясгалан  “Шинэ хоршоо” хөдөлгөөний гол автор гэж орон даяар цоллуулсан. МАН-аас хөдөөгийн тойрогт нэр дэвшиж сонгогдсон гишүүдийн олонх нь “Шинэ хоршоо” хөдөлгөөний тус дэмээр ялалт авсан гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Д.Амарбаясгалангийн аав тухайн үедээ хоршооны дарга байсан гэж ярьдаг.  Иймд түүнд хоршоо нэлээд ойрхон сэдэв байжээ. Тэр энэ хөдөлгөөнийг эхлүүлсэн, одоо доод шатанд нь хэрэгжүүлэлтийг өгч, хяналтаа сайн тавих л үлдлээ. Тэгэхгүй бол 2028 оны сонгуульд жинхэнэ дүнгээ тавихад, хоршоог нь эргэн нэхнэ.

Олон нийтийн анхаарлын төвд буй өнөөдрийн улс төрийн гол сэдэв бол Д.Амарбаясгалан УИХ-ын дарга болох тухай юм. Спеакер болж, олон намын, нийгмийн олон янзын төлөөллийн 126 гишүүнтэй парламентыг өлхөн удирдаад явчих улс төрийн чадвар Д.Амарбаясгаланд бий.

Дараагийн онцлох залуу улстөрч бол МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар. Монголын ард түмэнд танигдсан, хүндэлж, хайрлагдсан гэр бүлээс гаралтай. Ардын жүжигчин Л.Чаминчулууны хүү. Аав нь мөн улс төрийн салбарт, МАН-ын төв хороонд, Удирдах зөвлөлд ажиллаж байсан гэдэг. УИХ-ын гишүүн, хожим УИХ-ын дарга байсан Д.Лүндээжанцангийн туслах, зөвлөхөөр ажиллаж байсан Б.Баярбаатар 20 жилийн өмнөөс энэ салбарт бэлтгэгдсэн хүн. Сүүлийн жилүүдэд Ардын намын Хяналтын хорооны даргаар ажиллахдаа намынхаа нэр хүндэд халтай авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон эрхмүүдэд хариуцлага тооцох, улс төрд оролцуулахгүй байх ярвигтай бодлогыг барьж ажилласан. Нэр бохирдсон улстөрчдөө шахаж, цэвэр, ёс зүйн өндөр хэмжээний хатуу бодлогоо цэх барьж ажилласан Б.Баярбаатар ч нэр хүнд нь унаад байгаа Ардын нам энэ удаагийн сонгуульд олон суудал авахад нөлөөлсөн. Анх удаа сонгогдсон ч гэлээ тэрээр улс төрийн хүрээлэлд хориод жилийн өмнөөс байсаар, ажилласаар байсан эрхэм юм. Тэрээр өнөөдрөөс бүрдэж буй шинэ УИХ дотор ямар нэгэн албан тушаал давхар хашиж таарна. Эсвэл сайдын албанд ч томилогдож болохоор хэмжээний улстөрч гэдгийг нам нь хүлээн зөвшөөрч буй нь дамжиггүй. Б.Баярбаатарын ажлын туршлага, чадварыг ашиглахгүйгээр УИХ-ын дан гишүүн байлгана гэвэл арай л хайран байх биз ээ.

Шинээр сонгогдож буй гишүүд дундаас Б.Тулга ч улс төрийн  салбарт аль хэдийнэ байсан. Тэрээр Ерөнхийлөгч Н.Энхбаярын шадар туслах, зөвлөхөөр ажиллаж байв. Мөн л хориод жилийн өмнөөс улс төр дотор байсан, сүүлд Н.Энхбаярыг МАХН нэртэй намаа бүртгүүлж, УИХ дотор “Шударга ёс” эвсэл бүрдүүлж, АН-тай хамтарсан Засгийн газар байгуулахад Б.Тулга байсан ч төдийлөн өндөр албан тушаалд очоогүй. Монголын нэртэй улстөрчийн яг дэргэдэх хүн маш хурдан албан тушаалд хүрэх боломжтой байсан ч Б.Тулга дэд сайдын хэмжээнээс хэтрэхгүй л байв. Сүүлд л угшил нэгтэй МАХН, МАН-тай нэгдэхэд Боомтын сайд болсон. Маш нухацтай, хянуур бэлтгэгдсэн, суралцсан, улс төр мэддэг хүмүүст бол танигдсан залууг сайд болоход гайхаж хүлээж аваагүй.

Дарханы ийм нэгэн улстөрч залуу Төвийн бүс болох Дархан, Сэлэнгэ, Төв аймгаас анх удаа парламентын гишүүн боллоо. Тэрээр мэдлэг, туршлагын хувьд ч Боомтын сайдаа үргэлжлүүлж хаших, эсвэл өөр салбарын сайд болох бүрэн боломжтой. Тэрээр залуу хүн гэхэд хэт хурдтай биш хариуцлагатай, хянамгай байдлаар улс төрд оролцож байгаад Монголын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын улс төрийн уран нүүдэл ч нөлөөлдөг биз ээ.

Мөн Б.Тулгатай нэг тойрогт өрсөлдөн ялалт байгуулсан АН-ын С.Эрдэнэболд бол шинэ парламентад яах аргагүй ялгарна. Хуульч, прокурор, Монголын улс төр, хууль эрх зүйн салбарт танигдсан, нэр хүндтэй гэр бүлээс гаралтай. Энэ хэрээр сайн хуульч төдийгүй удирдлагын төвшинд олон жил туршлага суусаар ирсэн. С.Эрдэнэболд сүүлд Монголын төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсан сансар судлалын "МАРС-ВИ" төслийг санаачилж удирдсан. Мөн улс төрийн хоёр дахь том нам болох АН-ын залуучуудын холбоог ч удирдаж байсан туршлагатай.

АН-ын ах нарынхаа урагшгүй бодлогоор улс төрд төдийлөн гарч ирж чадахгүй байсан С.Эрдэнэболд энэ удаад Төвийн бүсийн тойргоос сонгогдож чадсан нь үнэхээр мэргэн сонголт, амттай ялалт байв. Хууль тогтоох байгууллагад мэргэжлийн өндөр төвшинд ажиллаж чадахуйц хэд хэдэн залуу АН-д байдгийн нэг нь С.Эрдэнэболд юм. Хэрэв АН ямар нэгэн байдлаар МАН-тай тохироо хийвэл олон талын мэдлэг, боловсрол, туршлагатай, зарчимтай, нэр цэвэр С.Эрдэнэболд аль нэгэн албан тушаалын эрэмбэнд орох ёстой залуу улстөрч юм.

Хангайн бүсэд МАН үнэмлэхүй ялагдсан. Сумын намын дарга зуурдаар амь насаа алдаж олныг цожирдуулсан харамсалтай үйл явдал нь энэ тойрогт АН-д ялалт өгч, хэний ч мэдэхгүй нэр дэвшигчид нь сонгогдов. Гэхдээ тэднийг О.Алтангэрэл хуульч манлайлж гарсан. Хангайн бүсийн Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймагт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарыг хол хаяж нэгээр гарч ирсэн АН-ын О.Алтангэрэл парламентад анх удаа сонгогдож байгаа нь энэ. Сайн хуульч, энэ салбарт хэдийнэ танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм. Улс төрд олон удаа өрсөлдөж унаж байсан. Сүүлийн жилүүдэд төрөлх Өвөрхангайдаа амьдарч, тэндээс улс төр хийж, УИХ-ын гишүүн болох замаа эртнээс зассаар, ажилласаар байсан нь томоохон улстөрчдийг ардаа орхиж чадахад нөлөөлсөн биз ээ.

Олон гишүүнтэй шинэ парламентад нийгмийн олон талын төлөөлөл гарч ирсэн ч улс төрийн хоёр том намаас дээрх таван залуу бол хууль, улс төрийн мэдлэг, боловсрол, туршлагаараа өнгөлнө, ялгарна. Нийт масс, үеийнхэн нь ч тэднээс маш ихийг хүлээнэ. Улс төрд эртнээс бэлдсэн, бэлтгэгдсэн залуус ч гэлээ анх удаа гишүүн болж буй тэдний улс төрийн карьер дөнгөж өнөөдрөөс эхэлж байна. Шинэ 30 жилийн эхлэлийг тавьж буй тэдний карьерт лав ирэх 30 жил өлхөн бий. Наяад оны эхэнд төрцгөөсөн дөнгөж 40 насны босгоор алхаж яваа залууст юу л байна, эрч хүч бий. Гэвч тэднээс нийгэм маш өндөр үлгэр дуурайлал, зарчим, ёс зүй, олонд таалагдах бодлого, хууль дүрэм, амьдралд ойрхон оновчтой уран шийдвэрүүд хүлээж сонгосон. Хэрэв зээ хийж чадахгүй бол дөрвөн жилийн дараа карьераа дуусгах аюултай. Зөвхөн тэднээс бүх зүйл шалтгаалахгүй. Тойрон хүрээлэгчид нь, туслах зөвлөхөөс эхлээд маш нухацтай, хариуцлагатай ажиллах учиртай. Тэгэхгүй л бол нам доторх ах нар, бүлэглэлүүд, өрсөлдөгчид, өрсөлдөөд ялагдагчид, 2028 оны сонгуульд тойрогт нь очихоор өнөөдрөөс бэлтгэж эхэлж буй хүмүүс гээд өө л гарвал дараад унагаах сошиал давалгаа бэлэн анаж байгаа шүү.

Админ