П.Дэлгэрнаран: Хоёр сая гаруй сонгогч саналаа өгөхөөр сонсогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн байна
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсон талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүд, Тамгын газрын дарга болон Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийв.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран санал авах үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсон талаар хэллээ. Мөн тэрээр "Энэ удаагийн сонгуулиар сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт 2.224.233 иргэн саналаа өгнө. Нийт сонгогчдын 1.143.172 нь орон нутагт, 1.081.061 нь нийслэлийн сонгогчид байна. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо, хэсгийн хорооны гишүүд болон мэдээллийн технологийн баг, даамлаар ажиллаж буй 23.500 гаруй, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан 2564, Цагдаагийн 12.000 гаруй албан хаагч, Онцгой байдлын 100 гаруй албан хаагч, нийтдээ 40 шахам мянган төрийн албан хаагчид хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлж, Та бүхний сонгох, сонгогдох эрхийг ханган санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсон" хэмээн мэдээлэв.
Түүнчлэн сонгогчийн ирц, санал хураалтын дүнг шууд дамжуулахаар Монгол Улсын алслагдсан хэсэгт байрлаж буй хэсгийн хороодод 410 (старлинк) интернэтийн сүлжээний төхөөрөмж байршуулж бэлтгэсэн байна. Сонгогчийн саналыг 2943 санал тоолох төхөөрөмжөөр уншуулж, дүн гаргах бөгөөд энэ удаагийн сонгуулийн бас нэгэн онцлог бол бүх хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийнэ. Хяналтын тооллого хийх энэхүү ажиллагааг хяналтын камерын дор зохион байгуулах бөгөөд үүнд нам эвслийн 30,000 гаруй ажиглагчид биечлэн оролцож шууд хяналт, ажиглалт хийнэ.