Холбоо барих

Үндэсний баялгийн сангийн хуримтлалын сангийн данс нээгдлээ

Үндэсний баялгийн сангийн хуримтлалын сангийн данс нээгдлээ

Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы 2024 оны 04-р сарын 19-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталснаар уул уурхайн баялгаас ирээдүй хойчдоо өвлүүлэх, иргэн бүрд хувь хүртээх нөхцөл бүрдэж,  хуримтлалын санг нээх боломжтой болсон. Тэгвэл өнөөдөр /2024.05.09/ Үндэсний баялгийн сангийн хуримтлалын сангийн дансыг албан ёсоор нээх үйл ажиллагаа боллоо. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан,  Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон бусад холбогдох албаны төлөөлөл оролцов.

Энэ үеэр хуримтлалын сангийн дансыг Монголбанканд нээх хамтын ажиллагааны гэрээнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон Сангийн сайд Б.Жавхлан нар гарын үсэг зурж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар хуримтлалын сангийн нэгдсэн дансны гүйлгээг нээж, цан цохилоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр хэлсэн үгэндээ “Өнөөдрийн бидний нээж буй Хуримтлалын  сан бол “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг иргэдийн Хуримтлалын санд төвлөрч байна гэсэн үг юм. Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм. Иргэд бүр орон сууцтай, эрүүл, өндөр боловсролтой байж чадвал өөрийнхөө болон гэр бүлийн ирээдүйгээ өөрчлөх суурь болж чадна. Ийм иргэдтэй улс орон өөдлөн хөгжих суурь тавигдана. Нийгмийн хөгжлийн суурь асуудлууд ч ингэж л шийдэгдэнэ. Хуримтлалын сан бол Та бидний шинэ итгэлцлийн гэрээ бөгөөд хамтын хариуцлагын хэлцэл байх болно” гэв.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу сан нь “Ирээдүйн өв сан”, “Хөгжлийн сан”, “Хуримтлалын сан” гэсэн гурван сантай байх юм. Өнөөдөр нээлтээ хийж буй Хуримтлалын сангийн тухайд Сингапурын хуримтлалын сангийн загварт тулгуурлан иргэдийг орон сууцжуулах болон боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр иргэдэд бэлэн бус төлбөр тооцоогоор дамжуулан дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөн хуримтлалын сангийн дансанд Засгийн газраас 500 тэрбум төгрөгийг шилжүүлснээр тус эх үүсвэрийг орон сууцны хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд зарцуулахаар боллоо. Ингэснээр нийт 10000 гаруй өрх орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлд хамрагдах боломж нээгдэж байгаа юм.