Залуу малчин Э.Энх-Амар: Энэ удаагийн сонгуулиар Ерөнхий сайдаа багаар нь сонгоно
УИХ-ын сонгуулийн VI тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигчид Хэнтий аймгийн Баянхутаг сум болон Хэрлэн сум буюу Чингис хотын иргэд сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Хэрлэн сум нь төвийн тав, хөдөөгийн гурван багтай. Тус сумын баг болох Өлзийт, Тахилгат тосгонд нэр дэвшигчид очиж ажиллан, 170 гаруй иргэд сонгогчтой уулзав.
Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулан Пүрэв-Очирын Анужин, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Мөнгөнцогийн Ганхүлэг, Ухнаагийн Отгонбаяр, Цагаанхүүгийн Идэрбат, Лхагвасүрэнгийн Соронзонболд нар зүүн бүсийн тойрогт нэр дэвшиж байгаад иргэд сэтгэл хангалуун байна.
Баянхутаг суманд өнгөрсөн дөрвөн жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургуулийн спорт заал, цэцэрлэгийн өргөтгөл, ХХААХҮЯ-ны төслийн хүрээнд хуурай сүүний үйлдвэр ашиглалтад оржээ. Төвлөрсөн халаалт, цэвэр усны хангамжтай болсон сумдын нэг. Засгийн газраас одоо хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийнх нь үргэлжлэл МАН-ын мөрийн хөтөлбөртэй маш сайн уялдаж байгаад, “Шинэ хоршоо”-г амжилттай хэрэгжүүлж байгаад иргэд талархаад улс төрийн манлайлал үзүүлж тойрогт нэр дэвшиж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг багаар нь дэмжихээ тус сумын иргэд илэрхийлж байв. Ялангуяа хөдөөг хөгжүүлэх, ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлэх замаар Улаанбаатар хот дахь хэт төвлөрлийг бууруулах, улсыг бүсчилж хөгжүүлэх нь зөв хэмээн үзэж байна.
Тухайлбал, залуу малчин Э.Энх-Амар “Боомтуудын үйл ажиллагааг сэргээх, төмөр зам тавьж, зам харилцааг сайн хөгжүүлж байна гэж боддог. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Энэ удаагийн сонгуулиар Ерөнхий сайдаа багаар нь сонгоно. Багаар нь сонгосноор сум орон нутаг маань хөгжинө” гэсэн бол иргэн Х.Батхүрээ "Гэр бүлээрээ шилжиж ирээд нэг жил болж байна. ХААН банканд бүтээгдэхүүн үйлчилгээний зөвлөхөөр, эхнэр багшаар ажиллаж байна. Давхар хуваариа бизнес эрхэлж, кофены соёл түгээж эхэлсэн. Хөдөөд ажиллаж амьдрах маш их боломж байна. Ерөнхий сайдаа багаар нь сонгож "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого"-оо үргэлжлүүлээсэй гэж бодож байна” гэлээ.
Хэнтий аймгийн Хэрлэн сум 24 мянга гаруй хүн амтай. Уулзалт хийсэн баг бүрд иргэд идэхтэй оролцож байлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг цар тахлын хүнд үед ажлаа хүлээн авсан ч зоригтой, шийдэмгий, эх оронч сэтгэлээр ажиллаж одоогийн эдийн засгийн өсөлтийг авчирсан хэмээн цөөнгүй иргэн ярив.
Чингис хотынхон бүсчилсэн хөгжлийн бодлогыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхийн төлөө, шинэ 30 жил, ирээдүйн хөгжлийн төлөө, найм байтугай дөрвөн жилийн өмнөх Хэнтийг өөрчилж чадсан учраас Ерөнхий сайдаа багаар нь сонгохоо илэрхийлж байна.
Өнгөрсөн хугацаанд Чингис хотод “Хан Хэнтий” чуулгын барилга, аймгийн музей, ЕБС-ийн нэгдүгээр сургуулийн 1500 суудалтай шинэ барилга, 5-р сургуулийн шинэ барилга, гурван цэцэрлэгийн өргөтгөл, гэр хорооллын шугам сүлжээ 1, 2-р төсөл зэрэг маш олон бүтээн байгуулалт бэлэн болжээ. Одоогоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар яслийн шинэ барилга, гэр хорооллын инженерийн шугам сүлжээ 3, 4, 5-р төсөл, шинэ ДЦС, Өндөрхаан- Дадал чиглэлийн хатуу хучилттай автозам зэрэг бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна.