Кувейт улс дахь иргэд сонгуулийн саналаа 100 хувийн ирцтэй өгчээ
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэд 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 07.00 (тухайн улсын орон нутгийн цаг)-аас эхлэн саналаа өгч байгаа.
Санал өгөхөөр урьдчилан бүртгүүлж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 13095 сонгогч 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цаг /тухайн улсын орон нутгийн цагаар/-т Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгч байгаа юм.
Сонгогчид 34 улсын 47 Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх салбар комисст саналаа өгч байгаа. 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 14.00 цаг (Улаанбаатары цаг)-ийн байдлаар Кувейт улс дахь иргэд 100 хувь, Бүгд Найрамдах Узбекстан улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаус Ард улс, Бүгд Найрамдах Киргиз улс, Арабын Нэгдсэн Эмират улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс, Арабын Бүгд Найрамдах Египет улс, Бүгд Найрамдах Беларусь улс, Бүгд Найрамдах Энэтхэг улс, Бүгд Найрамдах Сингапур улсад байгаа иргэдийн ирц өндөр байна.
Гадаад улс дахь иргэдийн санал хураалт дууссаны дараа салбар комиссууд битүүмжилсэн дугтуйтай саналын хуудас болон бусад баримт, бичгийг төв комисст, төв комисс Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлдэг. Сонгуулийн ерөнхий хороо гадаад улсад байгаа иргэдийн санал тоолох ажиллагааг өөрийн байранд санал авах өдрийн 22.00 цагаас ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулан ил тод, нээлттэй явуулдаг. Улмаар саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж тоолон дүнг мэдээлэхээр хуульчилсан. Түүнээс өмнө гадаад улсад байгаа иргэдийн өгсөн саналыг мэдэх боломжгүй.