Монгол Ардын намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигчид “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ажилчидтай уулзлаа
УИХ-ын сонгуулийн XI тойрог Сонгинохайрхан дүүрэгт Монгол Ардын намаас Ч.Номин, Н.Алтаншагай, П.Сайнзориг, Э.Батшугар, Н.Хүрэлбаатар нар нэр дэвшиж байна. Тэд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ажилчдын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар нэр дэвшигчид Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ болоод төмөр замын ачаа тээвэр, транзит тээврийг хөгжүүлэх замаар эдийн засгийг сайжруулах бодлого мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газраас Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн ажил арга хэмжээний үр дүнд манай улсаар дамжин өнгөрөх чиглэлийн галт тэрэгний тоо өсөж экспорт, импорт, сайжирч ашиг орлого нэмэгдэж дээд хэмжээ тогтоосон. Энэ хэрээр улс орны эдийн засагт эерэг нөлөөллийг үзүүлж байгаа. Ашиг орлого нэмэгдэхийн хэрээр “УБТЗ” ХНН техникийн шинэчлэлт хийх, төмөр замчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх боломж улам нэмэгдэж байгааг холбогдох хүмүүс хэлж байгаа. Цаашид төмөр замын ачаа тээврээс олох эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг нэр дэвшигчид онцолж байна.
Улс орны эдийн засагт төмөр замчдын үзүүлж буй хувь нэмэр өндөр байгааг нэр дэвшигчид тодотгоод цаашид Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хотын төвөөр зорчиж буй салаа төмөр замыг хотоос гаргах, төмөр замын нүхэн гарц байгуулах зэргээр тээвэр ложистикыг хөгжүүлэхэд УБТЗ ХНН-ийн хамт олонтой хамтран ажиллах хэрэгцээ бий гэдгийг хэллээ.
Төмөр замын салбарт 16 мянган иргэн ажилладаг. Эдгээр иргэдийн нийгмийн асуудлыг сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхэд ч цогц бодлого шаардлагатай гэдгийг нэр дэвшигч онцоллоо.
Бүсчилсэн хөгжлийн бодлого, шинэ сэргэлтийн бодлого, боомтын сэргэлт зэрэг өнгөрсөн хугацаанд засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажил хэмжээ бодит үр дүнгээ өгч эдийн засагт эерэг нөлөөллийг үзүүлж байгаа учраас энэ бодлого үйл ажиллагааг үргэлжлүүлэх нэр дэвшигчдийг дэмжинэ гэдгээ тэд хэллээ.