Холбоо барих

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” бол улстөржих сэдэв биш, малчдын амьдралаа дээшлүүлэх боломж

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” бол улстөржих сэдэв биш, малчдын  амьдралаа дээшлүүлэх боломж

УИХ-ын сонгуулийн II тойрог, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгаас нэр дэвшиж  буй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн иргэд сонгогчидтой хийх  уулзалт  өнөөдөр Ховд аймагт үргэлжилж байна. Тэрбээр энэ  удаад Ховд аймгийн Булган суманд ажиллалаа. Улсын хэмжээнд хамгийн томд тооцогддог Ховд аймгийн Булган суманд 10 000 гаруй иргэн амьдардаг бөгөөд урд хөрштэй хиллэдэг, баруун бүсдээ эдийн засгийн коридорыг бий болгож буй онцлогтой сум. Тиймээс хилийн боомт түшиглэсэн, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр хөгжсөн сум юм. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд баруун бүсэд 984, үүнээс Ховд аймагт 277 хоршоо шинээр байгуулагдаад байгаа ажээ. 


Булган суманд болсон иргэд сонгогчдын уулзалтад Ховд аймгийн 14 сумын 300 гаруй  малчин, хоршоологч хүрэлцэн ирж, МАН-аас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр, бодлого зорилтыг сонсоод зогсохгүй, “Шинэ хоршоо” хөдөлгөөний санаачлагч Д.Амарбаясгалангаас сонирхсон асуултдаа хариулт авч, санал солилцсон ажил хэрэгч уулзалт боллоо.  Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 850 хоршооны 2649 малчин 105 тэрбум төгрөгийн зээл авчээ. Ховд аймгийн хэмжээнд гэхэд л 10 хувь буюу 14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл гарсан байна. Малчдын хувьд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг  амьжиргаагаа дээшлүүлэх маш том боломж гэж харж буйгаа уулзалтын үеэр илэрхийлж байлаа. Тэдний хувьд хотондоо үйлдвэрлэл эрхэлж, түүхий эдээ нэмүү өртөг шингэсэн үнээр зах зээлд нийлүүлэх болсондоо талархалтай байна. Цаашид ч МАН “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлэн, хоршоолж ажиллахыг дэмжихээр мөрийн хөтөлбөртөө тусгасанд Ховдчууд баяртай байгаагаа илэрхийлж байлаа.

УИХ-ын сонгуулийн II тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Амарбаясгалан хоршоологчидтой уулзах үеэр  “Шинэ хоршоо бол улстөржих сэдэв биш. Энэ бол малчдын, ард иргэдийн чанартай амьдрах боломж учраас улстөржилтөөс үүдэж гацаах ёсгүй”  гэдгийг тодотгоод  “Шинэ хоршоо” сонгуулийн дараа улам бүр эрчимжиж, хоршоо хариуцсан тусгайлсан байгууллага байгуулна гэдгийг онцлон мэдээлсэн юм.  2023-2024 оны зуднаар 7.4 сая мал хорогдож, мөнгөн дүнгээр 1.5 их наяд төгрөгийн хохирол амссан. Жил бүрийн зуднаар ийм хэмжээний хохирол амсвал цаашид мал аж ахуйн салбар үгүй болж, алс хязгаар нутгаа сахин хамгаалж буй малчид гэж байхгүй болно. Тиймээс яг энэ цаг үед шинэчлэл хийхээр зорьсон нь “Шинэ хоршоо” хөдөлгөөн юм. Нийт 193 мянган малчнаас 41 мянга нь хоршооны гишүүн болоод байгаа нь малчид хоршиж ажиллах цаг болсныг ойлгож эхэлснийг харуулсан  бодит үзүүлэлт болж байна.  Баруун бүсэд 111 300 тн мах, 4 сая ширхэг арьс шир, 148 700 литр сүү боловсруулах, 8800 тн ноос ноолуур бэлтгэх нөөц тус бүр бий. “Шинэ хоршоо” хөдөлгөөн амжилттай хэрэгжиж, эдгээр нөөц боломжоо хангалттай ашигласнаар баруун бүс нутаг мал аж ахуйн салбараараа эдийн засгийн өсөлтөө бий болгох бүрэн боломжтой.