Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр Увсын цэнхэр хязгаарт бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр Увсын цэнхэр хязгаарт Улаангомчуудтай уулзаж, “Бүтэн Монгол Бүрэн Ардчилал” “9+90+900” эрчимт хөгжлийн төлөвлөгөө бүхий мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Тэрбээр уулзалтын үеэрээ, Өнгөрсөн сонгуулиар та бүхэн маань Увсын ардчиллын түүхэнд 29 жилийн дараа анх удаа Одонгийн Цогтгэрэл гишүүнийг гаргаж ирсэн. Орон нутгийн сонгуульдаа хоёр ч удаа Увсын Цэнхэр хязгаартаа ардчиллын тугийг бадрааж засаглаж байна гэдгийг онцлон талархал илэрхийллээ. Энэ удаагийн сонгууль бол монголчуудын эрх чөлөөний хувь заяаг шийдсэн түүхэн сонгууль болно. Дарга нарын эрх ямба нэмэгдэж байгааг ч бид анзаарах завгүй ажиллаж, хөдөлмөрлөж байна. Гэтэл ямар их харгис, дураараа болсон юм, цэргийн удирдагчид шиг болсон байна гэдгийг сонгууль эхэлснээс хойш харлаа. Монголын ард түмнийг боол шиг харж байна. Төрийн албыг яаж арын хаалгаар, шударга ёсгүйгээр даргын хамжлагын алба болгож хувиргаж байгааг ч харж байна. Үнэхээр монголын төр бол монголын ард түмний эрх чөлөөний үндсэн дээр байгуулагддаг. Харамсалтай нь МАН-ын хэдэн даргын хүслээр байгуулагддаг болж хувирах гэж байна хэмээж бүх монголчуудын хувьд шийдвэрлэх сонгууль болно гэдгийг хэлэв.
Үнэхээр бид ямар нийгэм рүү бид явж байна вэ, Монгол хүн монгол хүнээрээ үлдэх боломж бидэнд байгаа юу, Бид яавал монголоо буцааж авах вэ? гэдэг асуулт хамгийн тулгамдсан асуудал болж байна гэв. Хүчирхэг монгол хүнийг бий болгохгүй бол энэ төр хүчирхэг болохгүй хэдэн дарга нар нь бусдыгаа зарж иддэг төр болох гэж байна. Бид ардчиллаа аврахаас гадна, монголоо аварч үлдэх сонгуульд оролцож байна. Боловсролыг бүр санаатайгаар унагадаг боллоо. Сайд байснаас хойш 8 жилийн дараа гэхэд монголын боловсролыг хүн хараад ойлгохоо байсан, багшаа дэмждэггүй тогтолцоотой болсон байна. Бидний хамгийн түрүүнд хийх ажил бол монгол хүнээ боловсролтой болгох юм гэдгийг онцоллоо.
Энэ бол монголын ирээдүйн хамгийн чухал зүйл. НҮБ-ын тайланд монголын боловсролын салбарыг хэзээ ч сэхэхгүй салбар болсон гэж тусгасан байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр монголд ирээдүй байхгүй гэдгийг л хэлж байгаа юм. Бидэнд төлөвлөгөө нь байгаа. Яавал монгол хүүхдийг монгол хүн, ухаалаг хүн, хайрлаж чаддаг хүн болгох вэ, зорилготой хүн болгох вэ гэдгийг мэддэг хүний хувьд хүчирхэг монгол хүнийг бий болгох бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэдгийг илэрхийлэв.
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр ажил хийж чадах, тууштай, итгэлтэй, чадварлаг боловсон хүчнээ баруун бүс рүү илгээсэн хэмээв. Харин Увсын цэнхэр хязгаарын арчдилагчид Алдагдсан 8 жилийн алдааг засах Ардчилсан намаас нэр дэвшигч арвыг багаар нь дэмжихээ илэрхийллээ.