Холбоо барих

Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаагүй, хууль зөрчөөгүй

Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаагүй, хууль зөрчөөгүй

Монгол Улсын Үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж хуульчилсан. Мөн “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 1.1.6-д “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь Монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” гэж заасан. Мал аж ахуйн салбар бол манай улсын өв уламжлал зан заншлыг хадгалсан, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах гол салбар юм.

Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “мал аж ахуйн салбарыг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хариуцлагатай, бүтээмж өндөр, тогтвортой үйлдвэрлэлтэй эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Засгийн газраас энэхүү зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээг авах, байгалийн гамшиг, зудын эрсдэлээс үүсэн өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах зорилгоор хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлснийг УИХ-аас баталсан. Энэ онд зудын улмаас 7.4 сая мал хорогдсон нь малчдын амьжиргаанд шууд нөлөөлж байна.  Малынх 70-100 хувь нь хорогдсон 5001 өрх байна.

УИХ хууль батлах, мөн төсөв батлах онцгой бүрэн эрхтэй. Засгийн газар УИХ-аас баталсан хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлаас  хууль батлах бүрэн эрхийнхээ хүрээнд баталсан хуулийг Засгийн газраас хэрэгжүүлж, Шинэ хоршоо хөдөлгөөнийг малчдын санал, санаачилгад нийцүүлэн хэрэгжүүлж байна.

Иймд Засгийн газар Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан ямар нэг арга хэмжээ хэрэгжүүлээгүй, дур мэдсэн, хууль зөрчсөн арга хэмжээ хийгээгүй гэж Засгийн газраас тайлбарлаж байна. УИХ-аас баталсан хуулийн хүрээнд улс орны нийгэм эдийн засгийн удирдах, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах,  гамшгийн эрсдлийг бууруулах, хор хохирлыг арилгах, цаашид мал аж ахуйн салбар байгаль цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай болж,  өөрөө бие даан хөгжих боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм.