Л.Оюун-Эрдэнэ: Эрүүл мэндийн салбарынханд Монголын парламентын үүд хаалга нээлттэй байх энэхүү боломжийг дэмжээрэй
Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2024.06.18/ эмч нарын төлөөлөлтэй уулзаж, ярилцлаа. “Эрүүл мэнд-Шинэ сэргэлт” сэдэвт уг уулзалтад МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамтаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын гавьяат эмч Ж.Чинбүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан болон МАН-аас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд жагсаалтаар нэр дэвшиж буй эрүүл мэндийн салбарын төлөөлөл болох АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш О.Саранчулуун, Харвардын Анагаах ухааны их сургууль, Харвардын Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн багш, профессор Д.Ганмаа, Улсын ll төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах багийн координатор, зөвлөх эмч Ч.Энхболд, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар оролцож, эмч, мэргэжилтнүүдэд мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулсан юм.
“Эрүүл мэнд-Шинэ сэргэлт” уулзалтын үеэр эмч мэргэжилтнүүдийн төлөөллөөс салбарын болон нийгмийн эрүүл мэндтэй холбоотой асуултуудад хариулт авсан юм. Тухайлбал,
-Эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн асуудалд хэрхэн анхаарч байна вэ?
Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан:
-Эрүүл мэндийн байгууллагууд санхүү мөнгөнийхөө асуудлыг шийддэг хагас бие даасан тогтолцоо руу орох боломжтой болсон. Гэхдээ энэ ажил хангалттай хэмжээнд биеллээ олохгүй байна. Мэдээж олон шалтгаан байгаа. Хамгийн гол нь эрүүл мэндийн салбарт ногдож байгаа төсөв хүрэлцэхгүй байна. Цаашдаа ДНБ-ий тодорхой хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулдаг болвол асуудал бүрэн шийдэгдэх боломж бүрдэнэ. Мөн нийгмийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр анхаарч ажилласан. Энэ хүрээнд өвчин тусахгүй байх, өвчний шалтгааныг арилгах, урьдчилан сэргийлэх ажлуудыг сайржруулах чиглэлээр анхаарч ажиллалаа.
-Эрүүл мэндийн салбарт тулгарч буй хүндрэлтэй асуудлыг засаж залруулах бодлого шийдвэрийн талаар Таны санал?
Харвардын Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн багш, профессор Д.Ганмаа:
-Манай салбарт тулгарч байгаа нэгдсэн бодлогыг зангидахын тулд бодитой зөв мэдээлэл хэрэгтэй байна. Бидэнд сүүлийн 30 жил цуглуулсан мэдээлэл бий. Гэхдээ энэ мэдээлэл яг үнэн үү? Мэдээлэл үнэн, зөв эсэхээс хамаарч олон асуудал шийдэгдэнэ. Миний туршлагаар бодитой үнэн зөв мэдээллийг цуглуулах судалгааг бид сайтар хийх хэрэгтэй. Тэр судалгаанд салбар бүрийн оролцоог хангаж, бодлогоо тодорхойлох ёстой. Эрүүл мэндийн салбар бусад салбартайгаа хамтарч ажиллаж байж үр дүнд хүрнэ.
-УИХ-аар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэ хуулиар ямар асуудлуудыг шийдэж байгаа вэ?
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Эрдэнэсийн сангийн ногдол ашгийг хамгийн түрүүнд эрүүл мэнд, боловсролд зарцуулахаар болсон. Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын сангаас 2 их наяд төгрөгийг ард иргэдийнхээ эрүүл мэндэд зарцуулдаг боллоо. УИХ-аас эмийн сонсголыг зохион байгуулж эрүүл мэндийн салбарт нүүрлэсэн бусармаг асуудлуудыг уудалж, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж чадсан. 2024.10.01-нээс хэрэгжиж эхлэх энэ хуулиар бүх хулгайн үүд хаалгыг хаасан. Өнөөдөр гүйцэтгэлийн санхүүжилтээр авах ёстой эмнэлгүүдийн өгөөжийг эм, эмийн хэрэгслийг хэд дахин нугалж зардаг нөхдүүдэд өгч байгаа явдлыг шийдэж өгсөн. Бидэнд муу антибиотик олдож байгаа учраас долоохон хоногт эмчлэх өвчнийг 21 хоног эмчилж байна. Эндээс үүдэн эмнэлгүүд асаргаа сувилгаандаа хамаг төсвөө зарцуулж байна. Сайн чанартай эмээр эмчилгээ үйлчилгээ явуулмаар байна. Тиймээс эмийн сонсголоор чанаргүй эмийг шагийн үнээр зардаг явдлыг хориглосон.