Мал аж ахуйн салбарт түүхийн шинэ хуудсыг эргүүллээ
Монголын малчид, мал аж ахуйн өнөөдрийн дүр зураг ямар байгаа вэ гэж үү.
Мал нь олон болсоор, бэлчээр нь хүрэлцэхгүй, таргалахгүй, тавааргүй мал нь үнэд хүрэхгүй, малчид нь улам л ядарч байна. Нэг хэсэг нь мал дээр үлдэх дургүй, цөөн малтай нь малжиж чадахгүй, тэгээд хот руу нүүнэ, ажилгүйчүүдийн эгнээ тэлнэ, түгжрэлийн тойрог улам томорсоор буй.
Өнгөрсөн өвлийнх шиг дахиад л хөрсөн дээр хасах 40 хэмд хүрч хүйтэрвэл яах вэ. Дэлхийн уур амьсгал, бүс нутгийн цөлжилт, цас зудыг бид зогсоож чадахгүйгээс хойш энэ бүгдийг сөрж зогсох, эрсдэл багатай давж гарч чадахуйц хамтын хүчтэй, амьжиргаатай болмоор байна. Залуус ч мал дээр гарна гэхээр үнэндээ залхсан. Яагаад гэвэл тэндээс ашиг орлого олж чадахгүй байгаа юм.
Монгол байгаа цагт малчид, мал байсаар байх тул Засгийн газраас хугацаагүй хууль санаачлан УИХ-аар батлуулсан. Хуулийн хүрээнд 5 их наядын хөтөлбөр баталж “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлж, мал аж ахуйн салбарын асуудлыг углуургаар нь урт хугацаанд шийдэхээр болов.
“Шинэ хоршоо” хөдөлгөөний албан ёсны нээлт өнгөрсөн баасан гарагт Улаанбаатарт болж, хот хөдөөгийн малчин, хоршооны 3200 гаруй төлөөлөл оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, “Шинэ хоршоо” хөдөлгөөний санаачлагч Д.Амарбаясгалан мал аж ахуйн салбарт хувьсгал хийсэн түүхийн шинэ хуудсыг эхлүүллээ гэж онцолсон юм.
Өнөөдөр монгол мал өвсний өндрийг, эмийн ургамлын сорыг идээд ч тарга авч, олон кг татаж, өртгөө дарж, өндөр ашиг өгч чадахгүй байна. Уг нь бол монгол мал монголчуудыг тэжээж чадна. Түүнээс заавал Англиас, Францаас сайн үүлдрийн тугал авчраад баяждаггүй юм аа. Өөрийн хотны тугалаа өөрийн тарьсан ногоон тэжээлээр бордож, олон кг татдаг хагас эрчимжсэн тарган шүдлэн болгоод ченжид дамжуулахгүйгээр хоршоондоо нядлуулаад үнэд хүргэж, ашиг хүртэх бүрэн боломжтой. Өнөөдөр 18 кг татдаг хонио ногоон тэжээлээрээ бордоод нэг гулууз нь 30 кг татдаг болговол малчдад нэн ашигтай. Ийм болгохын тулд яах вэ гэж үү. Малчдад үйлдвэрлэл явуулах бага хүүтэй, урт хугацаатай, их хэмжээний зээл хэрэгтэй байна. Ногоон тэжээлээ тарих газар хэрэгтэй. Энэ бүгдийг цогцоор шийдэхээр “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж байгаа нь энэ юм.
Монгол орны нийт газар нутгийн 72 хувийг бэлчээрийн зориулалтаар мал аж ахуйн салбарт ашигладаг. Энэ салбар ДНБ-ий 10 хувийг эзэлдэг.
Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн инфляцийн 10-50 хувьд нөлөө үзүүлдэг аж. Эрсдэл өндөр, үр ашиг багатай салбар.
Иймд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлснээр малчид малын тоо биш чанарт анхаарна. Цөөн тооны тарга тэвээрэг сайтай малаас өндөр ашиг шим хүртдэг болъё гэсэн саналыг малчдын 48 хувь нь ирүүлсэн гэдгийг Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан хэлж байсан. Малчид өнөөдрийн байдалдаа ахиц гаргахын тулд хөнгөлөлттэй зээл олгохыг хүсэж байгаа. Малчдын өнөөдрийн хэрэглээний зээл арилжааны банк дээрх чанартай зээлд ордог. Яагаад гэвэл зээлээ төлөхгүй бол амьжиргаагаа залгуулдаг хэдэн малаа алдах учраас зээлээ цаг тухайд нь төлөх гэж өдөр, шөнөгүй малын захад махийж амьдардаг. Жилийн 20-24 хувийн өндөр хүүтэй зээлээс зээлийн хооронд амьдардаг хэсэг юм. Малчдын амьдрал дээшлэхгүй байгаа шалтгаан нь энэ гэдгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтийн үеэр хэлж байв.
Тэгвэл цаашид яах вэ гэж үү. Бага хүүтэй, урт хугацаатай, барьцаа багатай их хэмжээний хөрөнгө оруулалтын зээлийг олгох юм. Ийм төрлийн зээлийг авч хамтарч хоршоо байгуулаад, малын гаралтай түүхий эдээ боловсруулах, хашаа саравчаа сайжруулах, малын тэжээлээ бэлтгэх боломжоор хангах нь “Шинэ хоршоо”-ны гол зорилго. Малчид арилжааны банкны барьцаанд, төрийн дэмжлэг туслалцаа горьдож, хэн нэгний гарыг харж амьдардаг хөг өнгөрсөн. Зах зээлийн нийгэмд өөрийн хүчээр амьдрах, босох цаг нь болсон, тэр нь “Шинэ хоршоо” хөдөлгөөн юм гэдгийг Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан малчид, хоршооны төлөөлөлд хэлж байв.
Энэ бүхний эцэст монголчууд эрүүл малтай болно, чанартай мах иднэ. Хотынхонд ч үр дүн нь шууд хүрэх юм. Угаасаа 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд үйлдвэрийн бус аргаар нядалсан мах зах зээлд борлуулагдахгүй гэсэн хууль үйлчилж эхэлнэ. Тэгэхээр малчид махны үйлдвэрийн гадаа малаа тууж очоод нядалгаа хийлгэхээр дугаарлах болно. Ийм байдалд хүргэхгүйн тулд өнөөдөр хоршоо байгуулж өөрсдөө сумандаа мах нядалгааны цехтэй болох боломжтой. Энэ бүгдийг шийдэх гарц гаргалгаа нь “Шинэ хоршоо”-нд бий.
Яг өнөөдөртөө малчдад тулгамдсан асуудал нь зээл. Хэрэглээний өндөр хүүтэй зээлийг тэглээд ганцхан өнөөдрийн л асуудал шийдэгдэнэ. Маргааш яах вэ. Нөгөөдөр бас яаж амьдрах юм бэ. Үүний хариулт нь “Шинэ хоршоо”-нд бас бий.
Мөн бүтээн байгуулалт хийхэд зориулж нэг хоршоонд 5 га газрыг улсаас үнэ төлбөргүйгээр эзэмшүүлнэ. Цөөхөн малтай гээд банкны хаалга мөргөдөг, хөрөнгө мөнгөөр ялгадаг хандлагыг энэ хөдөлгөөнөөр хална. Тодруулбал, өнөөдөр 100 толгой малтай айл хоршоонд нэгдэж, хөрөнгө оруулалтын 30 сая төгрөгийн зээлийг авах боломжтой болно. 100 малтай, мянган малтай нь ч ялгаагүй өсөж, дэвжих боломжийг олгоно. Тэд хамтраад хоршоондоо хөрөнгө оруулж, ижил тэгш хэмжээний эрхтэй оролцож, үр ашгийг тэнцүү хүртдэг байхаар зохицуулж байна. “Шинэ хоршоо”-ны үр дүнд малчин та хэн болох вэ гэдгээ өөрийн хүч хөдөлмөр, хоршоогоор шийдэх боломжтой мал аж ахуйн салбарт түүхийн шинэ хуудсыг ийнхүү эргүүллээ.
Д.Амарбаясгалан: Хоршооны зээл авахад малчны хэрэглээний зээл саад болохгүй
“Шинэ хоршоо” хөдөлгөөний албан ёсны нээлтийн арга хэмжээний үеэр хот, хөдөөгийн малчид, хоршоологчдын асуултад албаны хүмүүс хариулт өгөв. Хамгийн их сонирхож буй сэдэв бол хоршооны гишүүн малчдад зориулсан хөрөнгө оруулалтын зээл байв. Зээлтэй холбоотой багц асуултад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, “Шинэ хоршоо” хөдөлгөөний санаачлагч Д.Амарбаясгалан хариулсныг тоймлов.
-Хэдэн төгрөгийн зээлийг хэн авч болох вэ?
-Хоршооны гишүүн нэг малчин айлын авч болох зээлийн дээд хэмжээ 50 сая, нэг хоршоо 2 тэрбумын зээл авч болно. Нэг жилийн хүү 6 хувь. Хугацаа 3-5 жил, эхний нэг жилд эргэн төлөлт хийхгүй. Яагаад гэвэл бүтээн байгуулалтаа хийх жил юм. Энэ зээлээр малчид маань хувцас, машин авахгүй. Бэлэн бусаар гарах хоршооны хөрөнгө оруулалтын зээл юм. “Шинэ хоршоо” хөдөлгөөний гол нууц нь Зээлийн батлан даалтын сан 80-100 хувь батлан даахад оршиж байгаа юм.
-Өнөөдөр арилжааны банкинд малчны зээлтэй байгаа малчин айл хоршоонд нэгдээд хөрөнгө оруулалтын зээл авч болох уу?
-Энэ нь малчин болгонд олгох зээл биш, хоршооны гишүүн болоод хөрөнгө оруулалт хийхээр болсон тохиолдолд авч болох зээл. Төрөл нь хөрөнгө оруулалтын зээл. Малчдын зээл бол хэрэглээний зээл юм. Мөн малчин бизнес хийх гэж байгаа учраас эргэлтийн хөрөнгийн зээл гээд гурав дахь төрлийн зээлийг малчид авах боломжтой болно. Одоо малчид маань хэрэглээний л зээл авдаг, тэтгэвэрт гараад тэтгэврийн зээл авдаг. Харин хөрөнгө оруулалтын зээл авахад малчны хэрэглээний зээл саад болохгүй. Хэрэглээний зээлээ цаг тухайд нь төлсөн, муу зээлийн ангилалд ороогүй хүн энэхүү хөрөнгө оруулалтын зээлд хамрагдаж болно. Харин ч энэ удаад нөхцөл нь хөнгөрсөн. Өнөөдөр 1000 толгой малтай айл жилийн 20-24 хувийн хүүтэй 10-15 сая төгрөгийн хэрэглээний зээл авч болж байгаа. Тэгвэл “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хөрөнгө оруулалтын зээл авахдаа 1000 толгой малтай айл 80 хувийг нь Зээлийн батлан даалтын сангаар батлан даалгуулаад 20 хувьд нь 500-600 толгой малаа барьцаанд тавиад 50 сая төгрөгийн зээл авах боломж нээгдэж байна. Магадгүй хоршоондоо хөрөнгө оруулалт хийгээд хашаа саравчаа сайжруулж, худаг усаа гаргаад, ногоон тэжээлээ тарьчихлаа гэх мэтээр олон ажил өрнөнө. Ногоон тэжээлээ тарихад үрээ хаанаас, ямар мөнгөөр авах вэ гэдэг асуулт гарна. Иймд хоршоо байгуулаад төсөл сонгон шалгаруулаад улсаас хоршоонд 5 га газрыг үнэ төлбөргүй 1 удаа эзэмшүүлэхээр өгнө. Тэр газраа, бусад хөрөнгөө барьцаалаад эргэлтийн хөрөнгийн зээл авч болно. Энэ нь бизнесийн зохицуулалтаар явна, үүнд төр оролцохгүй. Ийм 3 төрлийн зээл байна, эдгээр 3 төрлийн зээл харилцан нэгэндээ нөлөөлөхгүй.
-Зээлийг хэзээнээс олгож эхлэх вэ?
-Арилжааны банк, Монголбанк, Сангийн яам, ХХААХҮЯ дөрөв гэрээгээ байгуулж байгаа. Гэрээний ойлголцол бараг дуусаж байна. Гэрээ зурагдаад дууссаны маргаашаас зээл олгогдоод явах боломжтой. Гэхдээ хоршоогоо байгуулсан, төсөл нь бэлэн байх ёстой. Төслийг нь маш богино хугацаанд банк шалгаад болох, болохгүйг нь шийдээд, болохоор хоршоонд зээлийг нь шууд гаргах ёстой. Энэ зээл бэлэн хэлбэрээр гарахгүй. Бидний тооцож байгаагаар ирэх тавдугаар сарын 15 гэхэд эхний хоршоодын зээл гарах бүх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа.
-Зээлийг малчинд өгөх үү, хоршоонд өгөх үү?
-Малчнаар дамжуулаад хоршоонд өгч буй хөрөнгө оруулалтын зээл гэсэн агуулгатай. Энэ зээлийг авч халаасандаа хийгээд энд, тэнд очиж худалдан авалт хийж хувийн хэрэгцээгээ хангах боломжгүй. Хэрэв ийм байдлаар ажиллаад эхэлбэл мал аж ахуйн салбарт сэргэлт гэж ярих боломжгүй болчихож байгаа юм. Харин тэр зээлээ аваад хөрөнгө оруулаад бизнесээ хийчихвэл хэний ч гар хардаггүй мал аж ахуйн салбар болж хөгжих боломжийг нь бий болгож байна.
-Малчдын зээлийн хүүг төлж байхаар мөнгийг нь өгсөн нь дээр биш үү. Хүү төлөхөөр малчдаа биш банкыг дэмжээд байна?
-Малчдыг чанаргүй муу зээлийн ангилалд оруулахгүйн тулд Засгийн газар маш хурдтай ажилласан. Малчин хүсэлт гаргасан өдрөөс эхлэн нэг жилийн хугацаагаар зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж байгаа. Энэ хугацаанд хуримтлагдсан хүүгийн 75 хувийг төр хариуцахаар болсон, үлдсэн 25 хувийг өөрсдөө төлөх юм. Үүнд хотынхон дургүй байгаа, үнэн. Байгалийн давагдашгүй хүчин зүйлд малчид өртсөн. Ийм үед төр засаг нь хаяж болохгүй гэдгийг хэн, хэн маань ойлгож хүлээж аваасай. Малчид маань бас нэг зүйлийг ойлгоорой. Өнөөдөр зээл хойшлуулах бол жижигхэн тулгамдсанасуудал. Харин бид “Шинэ хоршоо” хөдөлгөөнд нэгдээд мал аж ахуйн салбарыг углуургаар нь өөрчлөх шинэчлэх бодлогыг хийж чадах юм бол таны үнэлэмж дээшилнэ. Таны хүүхэд насаараа мал дээр амьдарч болно, гэхдээ нийгмийн гарлаараа дор гэж үзэгдэж болохгүй. Насаараа мал дээр амьдарсан ч нийгмийн гарлыг нь дээр хүргэж өгөх ёстой гэдэг агуулгаар хандаарай. Зээл тэглэх бол зөвхөн өнөөдрийн уушги, харин “Шинэ хоршоо” бол маргаашийн өөх. Энэ утгаар нь ойлгоорой.