Ерөнхий сайдаа улираан ажиллуулах боломжийг Сэцэн ханчууд олгоно гэдгээ илэрхийллээ
УИХ-ын сонгуулийн VI тойрог буюу зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны уулзалт “Монголын нууц товчоо” болон түүхэн эх сурвалжуудад бичигдэж үлдсэн дурсгалт газруудын өлгий болсон Хэнтий аймгийн Баян-Адарга, Дадал, Норовлин, Батноров сумдад үргэлжлүүлэв.
МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулан зүүн бүсэд нэр дэвшиж буй Мөнгөнцогийн Ганхүлэг, Пүрэв-Очирын Анужин, Ухнаагийн Отгонбаяр, Лхагвасүрэнгийн Соронзонболд, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Цагаанхүүгийн Идэрбат нар аймаг, сум, бүс нутгаа хөгжүүлэх 2024-2028 оны мөрийн хөтөлбөрөө иргэдэд танилцуулж, тулгамдаж буй асуудлыг нь сонсож байна.
Орон нутгийн иргэд, аж ахуй эрхлэгчдийн зүгээс МАН-ын мөрийн хөтөлбөрт хөдөө аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, малчдын амьдралд онцгой анхаарсан эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн бодлогууд, түүхэн аялал жуулчлалыг тусгасанд талархалтай байна.
Баян-Адарга суманд “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 16 хоршоо байгуулагдсан. Мөн НҮБ-ын санхүүжилтээр малын ашиг шимийг дээшлүүлэх төслүүд амжилттай хэрэгжиж байна. Сүүлийн жилүүдэд ЗДТГ-ын шинэ байр, цэвэр бохирын нэгдсэн систем, сургуулийн өргөтгөл, соёлын төвийн дээврийн засвар, эрүүл мэндийн төвийн өргөтгөл, ЕБС-ийн урсгал засварыг хийжээ. Энэ онд сумын төв дотроо 2.8 км засмал зам тавихаар төсөвт тусгасан байна. Тус сум байгаль, түүхийн дурсгалт үзэсгэлэнт газар ихтэй. “Хатдын өргөө” цогцолбор, Хүннүгийн үеийн язгууртны 300-аад булш зэрэг жуулчдыг татах биет олдвор, бүтээн байгуулалттай түүхэн аялал жуулчлалын цөм нутгуудын нэг юм.
Дадал суманд өнгөрсөн жилүүдэд Нутгийн удирдлагын ордон, ЕБС-ийн дотуур байр, сумын төвийн нэгдсэн халаалтын зуух, спорт цогцолбор, дулаан болон цэвэр усны шугам сүлжээ, 35 кв-ийн цахилгаан дамжуулах шугамын өргөтгөл, “Дэлүүн болдог” онгоцын буудал, сумын төвийн авто зам зэрэг бүтээн байгуулалтуудыг улсын төсөв болон олон улсын хандив тусламжаар хэрэгжүүлсэн байна.
Норовлин суманд Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалын зургаан гол бүтээн байгуулалтын нэг “Шихихутаг-Нууц товчоо” цогцолбор баригдаж байгаа бөгөөд 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Хэнтий-Норовлин чиглэлийн 130 км авто замын барилгын ажил хугацаанаас нэг жилийн өмнө буюу энэ онд ашиглалтад орох аж.
Өнгөрсөн дөрвөн жилд улсын төсвийн хөрөнгөөр Батноров суманд сургуулийн 320 хүүхдийн барилгын өргөтгөл, эрүүл мэндийн төвийн өргөтгөл хийгдэж, “Шинэ сум” төслийн хүрээнд цэвэршүүлэх байгууламж шийдэгдсэн. Ингэснээр эмнэлэг, сургууль зэрэг төрийн байгууллага дотроо ариун цэврийн байгууламжтай болжээ. Ирэх онд сум доторх болон “Тэнгэрийн андгай” цогцолбор хүртэлх 20 гаруй км автозам тавигдвал жуулчдын хөдөлгөөн нэмэгдэж, иргэдийн орлого нэмэгдэнэ гэж нутгийн иргэд үзэж байна. Өнгөрсөн оны статистикаар тус цогцолборыг сард 5000-6000 хүн ирж үзжээ.
Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгох шийдвэрийг Засгийн газраас бүс нутгийн хэмжээнд дэвшүүлж Хэнтий аймагт оршдог “Монголын нууц товчоо”-ны дурсгалт газруудыг Дорнод, Сүхбаатар аймаг дахь байгалийн үзэсгэлэнт, түүхэн газруудтай холбож, дэд бүтэц татахаар болсон нь маш оновчтой шийдвэр хэмээн нутгийн иргэд хүлээн авч байв.
Сум бүрийн онцлогт тохирсон бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжүүлснээр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн хөгжлийг эрчимжсэн мал аж ахуй, аялал жуулчлал, боомт, дэд бүтэц, төмөр замын чиглэлээр эрчимжүүлэхээр МАН-ын төрийн хөтөлбөрт тусгагдсан. Зүүн бүс нутаг нийт долоон хилийн боомттой. Боомтуудын өргөтгөл, нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэж, тэдгээрийг холбосон дэд бүтэц, дагасан бүтээн байгуулалтын үр өгөөж хэнтийчүүдэд ч мөн хүрч чадна гэдгийг нэр дэвшигчид онцолж байна.
Ерөнхийдөө өнгөрсөн найман жилд Хэнтий аймгаа төлөөлж МАН-аас парламентад сонгогдсон УИХ-ын гишүүд болон Ерөнхий сайд, нутгийн хүү Л.Оюун-Эрдэнийг нутаг орныхоо хөгжлийн төлөө ажиллаад зогсохгүй улс орны хувь заяаны төлөө хангалттай зүтгэж байгаа, амласнаа ажил болгодог улстөрч хэмээн үнэлж, талархаж явдгаа олон хүн хэлж байсан. Энэ сонгуулиар ч төр, түмний төлөө ажиллаж чадах түүний багийг нүүр бардам сонгож, Ерөнхий сайдаа улираан ажиллуулах боломжийг Сэцэн ханчууд олгох учраас түүхэн сонгуулиар АРД ТҮМНИЙ ЯЛАЛТ-д манлайлна гэдгээ илэрхийлж байлаа.