Холбоо барих

Монгол Улс өрсөлдөх чадвараар 61 дүгээрт жагсжээ

Монгол Улс өрсөлдөх чадвараар 61 дүгээрт жагсжээ

Швейцарын Луизанн хотноо төвтэй Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан-2024”-ын үр дүнг дэлхий дахинаа өнөөдөр буюу 2024 оны 6-р сарын 18-нд танилцууллаа.

Сүүлийн 35 жилийн турш жил тутам хэвлэгдэн гарч буй “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан” нь улс орнуудын өрсөлдөх чадварыг 4 үндсэн бүлэг, 20 дэд бүлэг, нийт 336 шалгуур үзүүлэлтээр харьцуулан хэмждэг, улс орнуудын өрсөлдөх чадварыг нарийвчилсан цогц байдлаар харуулдаг хамгийн өргөн хүрээний мэдээллийг багтаасан судалгааны тайлан юм.

2024 оны судалгаанд хамрагдаж буй улс орнуудын тоо 67 болж Гана, Нигери болон Пуэрто Рико улсууд шинээр нэмэгдэн оржээ. Харин ОХУ болон Украйн улсыг өмнөх жилийн адил оруулаагүй байна.

2024 оны тайлангийн үр дүнгээс харахад өрсөлдөх чадвар хамгийн өндөртэй улсаар Сингапур нэрлэгдсэн бол удаах байруудад Швейцар, Дани, Ирланд болон Хонгконг эрэмбэлэгджээ. Сингапур улс 2020 оноос хойш анх удаа ахин өрсөлдөх чадвараар тэргүүлж эхэллээ. Харин Венесуэл, Аргентин, Гана, Нигер болон Бразил улсууд сүүл мушгисан байна.

Өрсөлдөх чадварын хүчин зүйл тус бүрээр харвал эдийн засгийн тамир тэнхээ бүлэгт АНУ, засаглалын үр ашиг болон дэд бүтэц бүлгээр Швейцар, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа бүлгээр Дани улс тус тус тэргүүлж байна.

Монгол Улсын өрсөлдөх чадвар

Монгол Улсын өрсөлдөх чадвар эрэмбийн хувьд 67 улсаас 61-рт эрэмбэлэгдэж онооны хувьд 46.3 болж өмнөх жилээс 10.74 оноогоор нэмэгджээ. Ийнхүү эрэмбэ болон онооны хувьд сайжрахад эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд, институт болон нийгмийн үзүүлэлтүүд сайжирсан зэрэг түлхүү нөлөөлсөн бол бизнес эрхлэх орчин, дэд бүтцийн үзүүлэлтүүд өрсөлдөх чадварыг хойш татсаар байна.

Өмнөх жилүүдийн судалгаанаас харахад:

  • 2016-2018 онд өрсөлдөх чадварын оноо өссөн
  • 2018 оноос эхлэн тасралтгүй буурч 2024 онд өсөлттэй гарсан
  • Ази, Номхон далайн нийт 14 улсаас 14-д
  • Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ нь 20 мянган ам.доллараас бага 23 улсаас 17-д
  • 20 саяас бага хүн амтай 37-н улстай харьцуулахад 37-д

Монгол Улсад тулгарч болох сорилтууд 2024 он

  • Төсвийн зардал нэмэгдэх нь мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг өдөөх магадлалтай
  • Сонгуулийн дараагаар валютын ханшийн савлагаа үүсэж болзошгүй
  • Нүүрсний экспорт хэмжээ болон үнийн хувьд огцом буурвал эдийн засгийн сорилтууд үүсгэж болзошгүй
  • Хотын менежментийг сайжруулж бохирдол, дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэх
  • Хөрш улсуудын геополитикийн хурцадмал байдал нь эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн дүгнэлт гарчээ.