Төрийн дарамтгүй Монголыг бүтээхийн төлөө Орхончууд ардчиллыг дэмжиж байна
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр 06 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн иргэд сонгогчидтой уулзаж, эрчимт хөгжлийн төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрөө танилцуулжээ.
Тэрбээр ардчилал, хүний эрх чөлөө, Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө үргэлж тэмүүлж байдаг Ардчилсан намынхаа 210 мянган гишүүнийг төлөөлж, уулзалтад хүрэлцэн ирсэн иргэдэд талархал илэрхийлэв.
УИХ-ын сонгуулийн 4-р тойрог буюу Булган, Орхон, Хөвсгөл аймгийн тойрогт Х.Баттулга, Б.Ариун-Эрдэнэ, Х.Эрдэнэбаатар, Ж.Батзандан, Г.Цэрэндолгор, Г.Мөнгөнхуяг, Д.Өсөхбаяр, Х.Батсайхан нар нэр дэвшиж байгаа юм.
Хойд бүсийг хөгжүүлж, их бүтээн байгуулалтыг хийхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгаар ахлуулсан мэргэжлийн, туршлагатай, мэдлэг чадвартай найман нэр дэвшигчийг алдагдсан найман алдааг засаж, ардчиллын тугийг мандуулаарай хэмээн 4-р тойрогт илгээж байна хэмээн тус намын дарга Лу.Гантөмөр онцоллоо.
Манай улсын хамгийн том бүтээн байгуулалт бол яах аргагүй “Эрдэнэт” үйлдвэр юм. Байгалийн баялаг, тэр тусмаа газрын хэвлийн нөөц баялаг ард түмний мэдэлд байх учиртай. Тиймээс хууль засаглал үгүй болж, арын хаалга, авлига гаарсан энэ цөвүүн цагт ардчиллын салхийг сэргээж, ард түмний эрх, эрх чөлөө, иргэдээ нэгдүгээрт тавьж, эрүүл нийгмийг бүтээхийн төлөө сонголтоо солихыг уриалж байна.
Орхон аймгийн иргэд, сонгогчид төрийн дарамт шахалтаас болж, үйлдвэрүүд хүний нөөцийн дутагдалд орж байгаа тул төрийн дарамтгүй, өрийн дарамтгүй Монголыг бүтээхийн төлөө ардчиллыг дэмжинэ гэдгээ илэрхийллээ.