М.Оюунчимэг: Цэвэрлэх байгууламжийн тархмал дэд төвүүдийг шинээр байгуулах замаар нүхэн жорлонг халж, хөрсний бохирдлыг бууруулна
УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшигч М.Оюунчимэг иргэд, сонгогчидтой хийх уулзалтаа амжилттай үргэлжлүүлж байна. Тэрээр өчигдөр Сүхбаатар дүүргийн 6, 10 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр нэр дэвшигч М.Оюунчимэг өнгөрсөн найман жилийн хугацаанд УИХ-д иргэдээ төлөөлөн төр түшилцэхдээ ямар ажлуудыг хийсэн талаар товч танилцуулсан юм.
Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд далд байсан НҮҮРСНИЙ ОФФТЕЙК ГЭРЭЭГ ил болгож, байгалийн баялгийг иргэн бүр тэгш хүртдэг байх тогтолцоог бий болгохын тулд БАЯЛАГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ батлуулахад тэргүүлэн ажилласан байна. Мөн АХМАДЫН ТУХАЙ ХУУЛЬ, НҮҮРСНИЙ СОНСГОЛ, ЭМИЙН СОНСГОЛ, ЕБС-ийн ҮДИЙН ЦАЙГ ҮДИЙН ХООЛ БОЛГОСОН гэхчлэн нийт ард иргэдийнхээ амьдралд бодит нөлөө үзүүлэх хуулийн төслүүдэд ажиллан, үр дүнг нь гаргаж чаджээ. 2023 оны хувьд Чингэлтэй дүүрэгт 62 тэрбум төгрөг бүхий 37 төсөл хэрэгжихээр батлагдсан. Энэ нь өнгөрсөн хугацаанд хийгдээгүй томоохон хөрөнгө оруулалт болсон гэдгийг нэр дэвшигч уулзалтын үеэр дурдсан юм.
Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн бага сургуулийн өргөтгөлийн барилга 97 хувьтай үргэлжилж байна. Хүүхдүүдийн төлөө энэ сургуулийг ашиглалтад оруулах ёстойг 2024 оны төсөв хэлэлцэх үеэр чуулганы нэгдсэн хуралдаан дээр асуудлыг хөндөж, салбарын сайдад яаралтай арга хэмжээ авахыг анхааруулж байсан. Тэгвэл сургуулийн өргөтгөл ирэх намар бүрэн ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна.
Мөн ирэх жилүүдэд хотыг бүсчлэн хөгжүүлэх үзэл баримтлалын хүрээнд инженерийн дэд бүтцийн шинэчлэлийг хийж, ундны усны хоолойг стандартын зэс дотортой хоолойгоор солих бүрэн боломжтой болсон байна.
Түүнлэн цэвэрлэх байгууламжийн тархмал дэд төвүүдийг шинээр байгуулах замаар нүхэн жорлонг халж, хөрсний бохирдлыг бууруулна. /Мөрийн хөтөлбөр 8.5.6/. Хотын иргэд оршин суугаа газраасаа 400 метр дотор амарч, тухлах ногоон байгууламж, цэцэрлэгтэй болгох /Мөрийн хөтөлбөр 8.6.1/ зэрэг эрүүл мэнд, боловсролын чанартай үйлчилгээг тэгш хүртээх зэрэг нийгмийн чухал салбаруудад хэрэгжүүлэх ажлуудыг төлөвлөн, зорилт болгон ажиллаж байгаа аж.