МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баруун бүсийг хөгжүүлэх Д.Амарбаясгалан тэргүүтэй нэр дэвшигчдийг танилцууллаа
Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай аймгийн Алтай хотноо өнөөдөр /2024-06-13/ иргэд, сонгогчидтой уулзах үеэрээ 2024 оны УИХ-ын сонгуулийн онцлог, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжсэнээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болж, нийгмийн төлөөлөл нэмэгдэх боломж бүрдсэн талаар танилцууллаа.
МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ алтайчуудад хандаж “Агуу их Ээж хайрхан, Сутай хайрхан, Хасагт хайрхан, Бурхан буудай уул, Аж Богдын нуруу, Хантайшир хайрхан гээд өндөр их уулсаа түшин суугаа эрхэм ард түмэн минь Монгол Улсын Ардын уран зохиолч Л.Түдэв, Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба, Монгол Улсыг шилжилтийн цаг үед удирдсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ерөнхий сайд П.Жасрай болон эх орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын төлөө зүтгэсэн үе үеийн түүхт генералуудын өлгий нутаг, “Зулай цагаан Алтай”-гаар овоглосон Говь-Алтай нутгийн иргэд сонгогчид та бүхэндээ МАН-аас нэр дэвшигчдээ танилцуулж байгаадаа баяртай байна” хэмээгээд жагсаалтаар нэр дэвшигчдийг танилцуулсан.
МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэн монголчууд далайд гарцгүй ч оюун санааны хувьд эрх чөлөөтэй үндэстэн. Хөгжлийг хөөж биш угтаж гүйцэхэд мэдээлэл технологийн салбар, хиймэл оюун ухаан, их өгөгдөлд тулгуурласан мэргэжлийн шийдэл хэрэгтэй. Манай улсын оюун санааны охь болсон Шинжлэх ухааны академи, их дээд сургуулиудын багш нар төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцох нь ирээдүйн хөгжлийн хандлагын өөрчлөлт гэж үзэн эрдэмтэн, доктор, судлаачдын төлөөлөл, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич, “Сансрын тогооч” хэмээн алдаршсан нэрт эрдэмтэн Дүгэрийн РЭГДЭЛ-ийг жагсаалтад оруулсан.
Мөн Ардчилал бол иргэн бүхэнд тэгш хандах, хуулийн өмнө иргэн бүхэн тэгш эрхтэй байх хамтын үнэт зүйл билээ. Иргэн бүхэн нийгмийн хөгжилд тэгш оролцох, тэгш оролцоог хангах нь чухал. Энэ асуудлаар парламентад дуу хоолой болж чадах хүн бол Аюушийн АРИУНЗАЯА. 1990 оноос хойшхи Ерөнхий сайд нар дотроос бүрэн эрхийн хугацаагаа бүрэн хэрэгжүүлсэн Засгийн газрын тэргүүн, Алтай нутгаас төрөн гарсан Пунцагийн Жасрайн ач охин А.Ариунзаяа жагсаалтад нэр дэвшиж байна.
Улс орон, дэлхийн түүхийг урагшлуулсан шинэ бүтээл, оновчтой саналуудын дийлэнх нь их, дээд сургууль, оюутнуудын орчинд бий болсныг дэлхийн түүх нотолдог. Монгол Улсын Ардын багш, Төрийн соёрхолт Шаравын Чоймаа багшийг мэдэхгүй хүн байхгүй, Ш.Чоймаа багшийн эрдэм залгах хүү, Монгол Улсын Их сургуулийн багш, доктор, Чоймаагийн ЛОДОЙРАВСАЛ жагсаалтад нэр дэвшиж байна.
Цар тахлыг олон улсын дунджаас тав дахин хохирол багатай даван туулж, 1.4 сая иргэн эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамрагдаж чадсан.
Намын мөрийн хөтөлбөрт туссан эрүүл мэнд болон нийгмийн салбарын шинэчлэл, эм, эмнэлгийн хэрэгслийн стандартыг хангах зорилтыг хэрэгжүүлэхэд Говь-Алтай аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга Баасанжавын ГҮНЖИНЛХАМ-ын эрүүл мэндийн салбарт 20 гаруй жил зүтгэсэн туршлага хэрэгтэй гэж үзсэн” хэмээн Говь-Алтай аймгаас төрөн гарсан нэр дэвшигчдийг онцолсон.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн баруун бүсэд МАН-аас нэр дэвшигчдээс МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланг онцлог танилцуулсан. “МАН-аас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг манлайлан, хэрэгжүүлж буй Дашзэгвийн АМАРБАЯСГАЛАН бол П.Жасрай гуайгаас хойш Говь-Алтай аймгаас төрөн гарсан хамгийн хүчтэй улстөрч. Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын алба нь улстөр талаасаа ч, засаг захиргааны эрх мэдэл талаасаа ч улсын хоёр дахь том албан тушаал. Тиймээс Д.Амарбаясгалан даргаар дамжиж баруун бүс нутаг өөрчлөгдөөсэй гэж хүсэж энэхүү бүсийг тэргүүлж ажиллах үүргийг түүнд даалгасан юм. Д.Амарбаясгалан бид хоёр 2009 оноос намынхаа “гал тогоо”-нд хамтдаа ажилласан нэгэн үеийн залуус. Д.Амарбаясгалан бол шинэчлэгч. Д.Амарбаясгалан парламентын арчилалд хайртай хүн. Тиймээс Амараа даргатайгаа хамт олон шинэчлэл дээр хамт ажилласан. Д.Амарбаясгалангүй Л.Оюун-Эрдэнэ байгаагүй. Бас Л.Оюун-Эрдэнэгүй Д.Амарбаясгалан байгаагүй. Тиймээс баруун бүсийн хөгжлийг шинэ түвшинд гаргаасай гэж, алтайчууд “Зулай цагаан Алтай” шигээ өндөрт дүүлэх итгэлийг аваасай гэж, Жанчив баатрынхаа хөшөөг сэргээж түүхэн өв соёлоо хамгаалаасай гэж хүчтэй улстөрч Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол төрийн “гал тогоо”-г хариуцагч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланг дэвшүүлсэн юм” хэмээн тодотголоо.
Түүнчлэн УИХ-д дарааллан сонгогдон ажиллаж буй туршлагатай парламентч Сандагийн БЯМБАЦОГТ, Чимэдийн ХҮРЭЛБААТАР, Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭН, Балжиннямын БАЯРСАЙХАН, баруун бүсийн хөгжлийг цогцоор нь төлөвлөх, эдийн засгийн коридорын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, хойд, урд хөрштэйгөө болон гадаад харилцаагаа хөгжүүлэхэд Энхбатын БОЛОРМАА, Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх, төмөр зам, авто замын шинэ төслүүдийг хэрэгжүүлэх, баруун бүсийн хөгжлийг шинэ шатанд гаргах хүн гэдэг итгэж Цэдэндамбын ЦЭРЭНПУНЦАГ, мал аж ахуйн салбарыг шинэ шатанд гаргаж малчдын ахуй амьдралыг дээшлүүлэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийг эрчимжүүлж, Монгол хүн эх нутагтаа өөрийн гараар бий болгосон эрүүл хүнсийг хэрэглэх боломжийг бүрдүүлэх чиглэлд хэрэгтэй хүн хэмээн үзэж Загджавын МЭНДСАЙХАН, эрүүл мэнд болон нийгмийн салбарын шинэчлэл, иргэн төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч,эмнэлгийн ажилчдын эрх зүйн байдлыг хамгаалах, зорилтыг хэрэгжүүлэхэд хэрэгтэй гэж Сэрээжавын ЭНХБОЛД, шат дараалан бэлтгэгдсэн шударга төрийн албан хаагчдын төлөөлөл Батжаргалын ЗАЯАБАЛ нар нэр дэвшсэн бөгөөд Монгол Ардын намын нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ уриаллаа.