Холбоо барих

Г.Нарантуяа: Сонгуулийн сурталчилгаа түгээхдээ цахим орчин, хиймэл оюун ухаан, шинэ технологийг түгээмэл ашиглаж байна

Г.Нарантуяа: Сонгуулийн сурталчилгаа түгээхдээ цахим орчин, хиймэл оюун ухаан, шинэ технологийг түгээмэл ашиглаж байна

ХЭҮК нь ээлжит хэвлэлийн бага хурлаа өнөөдөр /2024.06.13/ зохион байгуулав.

Хэвлэлийн бага хурлын эхэнд ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа дэлхийн 70 орчим улсад төрийн эрх барих байгууллагаа сонгох сонголтыг энэ жил хийж байгаа бөгөөд энэ удаагийн сонгуулиар болон улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сонгуулийн сурталчилгаа түгээхдээ цахим орчин тэр дундаа хиймэл оюун ухаан, шинэ технологийг түгээмэл ашиглаж байгаа нь өмнөх сонгуулиудаас онцлогтой. Тиймээс сонгуулийн үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагууд бэлэн байдлаа хангаж ажиллах шаардлагатайг онцлоод УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр төрийн байгууллага болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага, улс төрийн намууд, нэр дэвшигч, олон нийт анхаарвал зохих Комиссын Зөвлөмжийн талаар танилцууллаа.

Энэ удаагийн хэвлэлийн хуралд Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн Гүйцэтгэх захирал М.Энхбадрал, Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор нар оролцож, мэдээлэл өгөв.

Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн М.Энхбадрал Иргэний нийгмийн зөвлөл нь ХЭҮК-ын байр суурийг илэрхийлдэггүй, харин үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй гээд сонгуулийн үеэр иргэдийн сонгох эрхэд халддаг асуудлаар мэдээлэл өглөө.

Түүнчлэн Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн Б.Чулуундолгор мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Эдгээр нь нийт сонгогчдын 7 орчим хувийг бүрдүүлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгуулийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хүртээмжтэй орчинг нэмэгдүүлэх нь туйлын чухал. Тухайлбал, харааны, тулгуур эрхтний, сонсголын бэрхшээлтэй байхаас үл хамаарч санал өгөх байрны орчин нөхцөл стандарт, шаардлага хангасан байх ёстой. Нөгөөтээгүүр, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрийн сурталчилгаагаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх тал дээр анхаарахыг хүсэж байна. Учир нь хүн хэдий чинээ үнэн, зөв, хүртээмжтэй мэдээлэл авна, төдий чинээ сонголтод нөлөөлдөг тул уулзалт, зөвлөгөөндөө хөгжлийн бэрхшээлтэй иргэн оролцох боломжтой эсэхийг шалгаж байхыг хүсэж байна.